m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 05:58
71
АН-ын дарга Монголд анх удаа онгоцоор сурталчилгаагаа хийж байна

Сошиал ертөнцөд АН-ын дарга З.Энхболд "од" болж байна. Учир нь тэрбээр намынхаа сонгуулийн сурталчилгаанд онгоц ашигласан анхны хүнээр тодорч байх шиг...

Дархан-Улаанбаатарын хооронд гурван цаг хүрэхгүй хугацаанд давхиад орчихож болохгүй байгаа юм байх даа. Зарим сошиалын идэвхтнүүд "Монгол бол Америк биш", "Нисдэг тэрэгний зардлыг улсаас дааж байгаа юу", "Татвар төлөгчдийн мөнгөөр туйлахаа болиочээ" хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Арга ч үгүй биз. Одоохондоо З.Энхболд УИХ-ын дарга гэдэг сэтэртэй байгаа. Тийм болохоор түүний онгоцоор аялж намынхаа сурталчилгааг хийж байгаа зардлыг төр дааж байгаа гэсэн үг. Төрийн мөнгө бол түмний өмч. Бүр тодруулбал, татвар төлдөг хүн бүрийн мөнгө. Үүнээс авч үзвэл татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилгаагаа хийгээд "Та нар бид нарыг олуулаа болгоод өгөөчээ" гээд гуйгаад явж байна гэсэн үг. Мөн ч сайхан уужуу сэтгэл ээ. Өмнөх жилийн сонгуулиудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь ч тэр, УИХ-ын даргаар ажиллаж байсан нь ч тэр онгоцоор сурталчилгаа явуулдаггүй байсан санагдах юм. Дундговьд онгоцоор газардаад л... Дарханд онгоцоор газардаад л... Нам нь засаглаж байхад тавьсан засмал зам нь мань даргад "гологдсон" байж магадгүй. Эсвэл Америкийг хэт их тахин шүтсэний илэрхийлэл ч байж болно. Ер нь явж явж З.Энхболд Дональд Трамп биш. Цаашилбал Монгол Улс Америк биш. Хэм хэмжээндээ л сонгуулийн сурталчилгаагаа хийцгээе. Нарийндаа энэ удаагийн сонгуульд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж сурталчилгаагаа хийж байгаа. АН-ын дарга, эрх барьж байгаа намын дарга гэхээрээ л илүү эрх эдэлж, энд тэнд нисдэг тэргээр зочилдог байж болохгүй л дээ...

Ард түмэн тэнэг биш. Андуурсан гэдгээ тэд ойлгосон. Амьдрал нь доройтсоныг ч бас мэдэж байгаа. Тийм байхад дээгүүр нь онгоц хөлөглөн тансаглах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Эс бөгөөс ард түмэн таныг буруугаар ойлгохоор байна. Дөрвөн жил зузаалсан түрийвчнийхээ бярыг ядарсан ард түмэндээ үзүүлээд байна уу гэж, буруугаар ойлгоно. Дундговь руу онгоцоор явах ямар ч шаардлагаүй. Танай намын үед тавьсан сайхан засмал зам дурайж байна. Удлаа гэхэд гурван цаг, шавдлаа гэхэд хоёр цаг машинаар давхиад л орчихно. Дархан ч ялгаагүй... Удлаа гэхэд дөрвөн цаг, шавдлаа гэхэд гурван цаг давхина. Ийм байхад эр бяраа гайхуулж, хүмүүсийг цухалдуулах хэрэг юун.

Аргаа барсан нэгэн твиттерч "АН-ынхан хагартлаа баяжчихаж. Гуялж байгаад даргадаа онгоц аваад өгчихөж" хэмээн даапаалж байх вэ. Эдийн засгийн хямралд "идэгдэж" дууссан ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. Гуялж авдаг байсан талхаа гурвалж авахдаа хүрлээ. Таны тансаглал, ард түмний ядуурал хоёр тэнгэр газар шиг ялгаатай байгааг харахгүй байна гэж үү... Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэсэн яалаа. Таныхаар бол "Дарга бол онгироо, даамал бол дөвчигнүүр" болж харагдаад байна. Онгоц хөлөглөн сурталчилгаагаа хийлээ гээд ард түмэн таныг сонгохгүй л болов уу. Яадаг юм бол доо...

Монгол Ардын намын сонгуулийн төв шгаб