m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 10:12
41
З.Энхболд: Монгол Улс нэг ч төгрөгийн “ӨРГҮЙ”

-МАН СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД УЛАЙРЧ БОЛНО. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БОЛОХГҮЙ-

УИХ-ын дарга,  Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.24/ Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Япон Улсад 100 мянган дадлагажигч илгээх асуудал болон Монгол Улсын иргэн бүр өртэй хэмээх мэдээлэлд албан ёсоор тайлбар авахыг хүссэн юм.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд иргэдийн асуултад хариулахдаа, МАН Монгол Улсын зээлийн асуудлыг гуйвуулж,  иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй, дөнгөж төрж буй хүүхэд бүр өртэй мэтээр олон нийтэд сурталчилгаа хийж байна. Гэвч үнэн бодит байдал дээр иргэд ямар ч өргүй, хэзээ ч өр төлөхгүй гэдгийг албан ёсны баримт дээр үндэслэн тайлбар өгсөн юм.

Мөн тэрээр, сонгуульд зориулсан МАН-ын мэдээлэл, сонгуулийн шоу хэрээс хэтэрч байна. МАН-ын албан ёсны сурталчилгаа нь “Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй” гэх мэдээлэл. Энэ асуудал  хэрээс хэтэрч байгаа учир албан ёсоор тайлбар өгье. Монгол Улс нэг ч төгрөгийн, нэг ч долларын “ӨРГҮЙ”. Харин бид хуваарийн дагуу төлөх зээлтэй улс. Манай улсын зээл “ӨР” болоогүй.  Та бүхэн жишээлбэл банк руу очоод би сая төгрөгийн өр авая гэдэггүй, би сая төгрөгийн зээл авая гэдэг. Хэрвээ чи зээлээ хуваарийн дагуу төлөөд дуусгавал энэ нь өр биш. Учир нь та графикийн дагуу төлөлтөө хийсэн учраас. Харин хугацаа хэтрээд та төлж чадахгүй бол энэ нь өр болдог. Нэгэн түүхийг сануулахад, Монгол Улсын тухайн үеийн ЗХУ-аас авсан 10 тэрбумын шилжих рублийн зээл бол өр болсон.

Монголчууд “Их өр” гэж хэлдэг байлаа. Тухайн үед 10 тэрбумын шилжих рублийн зээлийг 10 тэрбум долларын өр болгож зохиож бичээд, Монгол Улсын нийт иргэдийнхээ тоонд хувааж, иргэн бүр 5 мянган долларын өртэй мэтээр ярьж явуургүй “улс төр” хийдэг байсан. Өнөөдөр иргэдийг МАН иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй мэтээр айлгаж, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь тухайн үеийн түүхийг давтаж, иргэдийг айлгах сөрөг бөгөөд шударга бус сурталчилгаа хийж байна. МАН-ын өр гээд байгаа бондоос МАН-ын гишүүдийн компани болох Монгол Ардын намын гишүүн Энх-Амгалан, МАН-ын гишүүн, МАН-ын гишүүн Гарамжав, МАН-ын гишүүн Бямбацогт, МАН-ын гишүүн Жадамбаагийн Энхбаяр, МАН-ын гишүүн Сүхбаатарын Батболд нар тэрбум тэрбумын зээлийг авсан байна. Яахаараа дээрх МАН-ын гишүүдийн авсан зээлийг Монголын ард түмэн төлөх ёстой гэж. Бид бондоос зээл авсан хувийн компаниудын зээлийг төлөхгүй.  МАН мөн өнгөрсөн 26 жилийн турш авсан зээлийг нийлүүлээд Ардчилсан намын нуруун дээр тохож байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, гадаад улс дахь нэр хүндэд нөлөөлөхөөр сурталчилгаа хийж. Тэд сонгуульд ялахаар улайрч байж болно, гэхдээ сонгуулийн шоугаар дэнчин тавьж болдоггүй зүйлүүд бас байдаг.

Бид өнгөрсөн 26 жилд үргэлж засгийн эрхэнд байгаагүй. МАН байсан үеүүд их бий. МАН сонгуулийн шоугаа хэрээс хэтрүүлж, засгийн эрхэнд гарахын төлөө, Монгол Улсын нэр хүндийг гадаадад буруугаар ойлгуулж, мөн иргэдээ өртэй мэт айлган, улс орныхоо тусгаар тогтнолын асуудлыг хүртэл сонгуулийн шоугаар хөндөж байгаад Ардчилсан намын даргын хувьд харамсаж, бас тэдний хийж буй энэхүү бусармаг сонгуулийн шоу шударга бус байгааг уулзалтын үеэр онцолж байв. Баянгол дүүргийн иргэн н.Доля хэлэхдээ, Би Ардчиллыг их дэмждэг. Мөнхбаяр хотын дарга байхдаа гандангийн газрыг үнэгүйдүүлж байсан бол Бат-Үүл дарга ирээд миний газрын үнийг 100 дахин үнэтэй болгож өгсөн. Би өнөөдөр гандангийн газраа ийм үнэд хүрснийг мэдээлэл иргэн хүнийхээ хувьд амар тайван аж төрж, бас иргэн бидний хөрөнгийг үнэлж өгсөн Ардчилсан намынханд баярлаж байгаа гэв.

Мөн Баянгол дүүргийн иргэн С.Давааням хэлэхдээ,  Баянголд нэрээ дэвшүүлсэн 4 нэр дэвшигчийг дэмжихээр ирлээ. З.Энхболд нь өнгөрсөн 8 жилийн хугацаанд Өвөрхангай аймгаас сонгогдохдоо асар их ажлыг хийсэн. Арвайхээрт жишээ нь Энхболдын сургууль гэж сургууль байгаа. 1990 оноос хойш, 17 жил МАН төрийн эрхийг барьсан. Энэ хооронд Ардчилсан нам 2-хон удаа төрийн эрх барьсан. Их өр тавьлаа гэж МАН иргэн бидэнд өдөр бүр мэдээлэл өгч байна. Гадаад орнуудаас зээл авч болно. Халамжинд тараавал энэ нь өр болно. Харин бүтээн байгуулалт хийвэл энэ нь зээл болно, эргэн төлөгдөнө. Бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ажиллуулах эрхийг Ардчилсан намынханд өгнө гэлээ