m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 05:51
264
С.Мөнхбурам: Эрүүл мэндийн даатгалаар хэвлийн хөндийн мэс заслыг үнэ төлбөргүй хийдэг

 

“Мишээл”эмнэлгийн захирал, Ерөнхий эмч С.Мөнхбурамтай ярилцлаа

- Мишээл эмнэлэгийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?

- Манай эмнэлэг 1994 онд байгуулагдсан. Монголын хувийн эмнэлгүүдийн анхдагчдын нэг бөгөөд 20 ортой уушигны мэс заслын чиглэлээр долоон ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Бид анх улсын эмнэлгийн хажууд  байр түрээсэлж байсан. Харин 21 жилийн дараа өөрийн гэсэн дөрвөн давхар эмнэлэгтэй, 60 гаруй ажилтантай болж өргөжлөө. Энэ хугацаанд эдийн засаг, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэгт тал талаар бэхжиж чадсан.

- Танай эмнэлэг уушигны мэс заслын чиглэлээр дагнадаг. Жилд хичнээн хүн уушигны эмгэгээр хэвтэн эмчлүүлж байна?

- Жилдээ 500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 340 гаруй мянган иргэдэд Эрүүл мэндийн даатгалаар хэвлийн хөндийн яаралтай мэс заслыг үнэ төлбөргүй хийдэг. Өнгөрсөн жил 1800 гаруй ерөнхий мэс засал хийсэн.

- Анх өвчтөнүүдэд мэс засал хийхэд ямар хүндрэл тулгарч байв?

- Ур чадвартай баг бүрдүүлэхэд тодорхой хүндрэл тулгарч байсан. Анх хүү, дүү хоёртойгоо хамтарч уушгины мэс заслын тасгийг байгуулсан. Харин одоо яаралтай мэс заслын алба болтлоо өргөжсөн байна.

- Олон хүмүүсийг өвчнөөс нь илааршуулж, амийг нь аварч байгаа хамт олноороо бахархах сэтгэгдэл төрөх нь гарцаагүй?

- Тэгэлгүй яахав. Хэвлийн хөндийн яаралтай мэс заслын тусламж гэдэг хүнд алба юм. Энэхүү хүнд албыг хариуцлагатай хашиж байгаа хамт олноороо бахархаж, баярладаг.

- Мишээл эмнэлэг цаашид ямар зорилго тавин ажиллаж байна?

- Миний хувьд Сүрьеэ, уушиг судлалын клиникийн эмнэлэгт уушигны мэс  заслын эмчээр 1985 оноос хойш ажиллаж байгаад 1994 онд хувийн эмнэлэг байгуулж тусдаа гарсан. Би монголчуудад уушиг, зүрхийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийе хэмээн мөрөөдөж үүнээс уушигны мэс заслыг сонгож авсан. Тухайн үед аав маань мөрөөдөл рүүгээ явах цаг чинь хэдийн болжээ хэмээн хэлж билээ. Дэлхийн хөгжлийн түвшинг хувийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарсан байдаг. Тиймээс аав минь мөрөөдөл рүүгээ нис хэмээн хэлсэн юм. Улмаар аавынхаа захиасын дагуу хувийн эмнэлгээ байгуулсан.  Цаашид ч мөн олон хүнийг эрүүл саруул болгохын төлөө илүү их хичээн ажиллах болно.