m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 23:29
75
Монголчууд төр түшилцэх түшээдээ сонгож байна

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн  ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар зэрэг эхэллээ. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 2786 хүн өрсөлдөж байгаа юм байна. Түүнчлэн сонгуулийн насны  1.912.901 сонгогч  нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.

Сонгуулийн санал хураалт Монгол орон даяар зэрэг эхэллээ

Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллуулж байна.

Санал хураалт өнөөдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Манай сайтын сурвалжлах баг Баянгол дүүрэг дэх УИХ-ын 68 дугаар тойрог, НИТХ-ын гуравдугаар тойргийн санал хураах байраар орж санал авах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар тодрууллаа.

68 дугаар тойргийн санал хураах байрны ахлагч Г.Уранчимэг

-Сайн байна уу, Танай хэсэгт хичнээн сонгогч санал өгөх вэ. Одоогийн байдлаар сонгогчдын идэвхи хэр байна вэ?

-Манай хэсэг 2735 сонгогчтой. Санал авах үйл ажиллагаа эхлээд 50 минут болж байхад 56 хүн санал өгөөд байна. Өчигдөр зөөврийн саналын хайрцгаар 18 хүн саналаа өгсөн.

-Яг одоо танай санал авах байранд хичнээн хүн ажиллаж байна?

-Ахлах зохион байгуулагч нэг, зохион байгуулагч зургаа, итгэмжлэгдсэн ажилтан хоёр, даамал нэг гэсэн арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн дөрвөн намын төлөөлөл, нэг төрийн бус байгууллагын төлөөлөл гээд таван ажиглагчтай.

-Санал хураах үйл ажиллагаа эхэлсэнээс хойш ямар нэгэн асуудал гарсан уу. Дахин саналын хуудас авсан тохиолдол хэр их байна вэ?

-Харьцангуй гайгүй. Гэхдээ иргэд саналын хуудсаа бөглөхдөө илүү будсан тохиолдол гарч саналын хуудсаа дахин солиулсан. Илүү бөглөчихөөр автомат машин маань уншихгүй дахин саналын хуудас авч байна.