m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 04:30
85
Э.Бат-Үүл: Дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр

“НИТХ-ын сонгуулийн дүн гарч Нийслэлийн Ардчилсан нам 11 суудал, МАН үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороо маш зохион байгуулалттай ажилсанд талархал илэрхийлж байна. Дараа нь биднийг дэмжсэн сонгогчиддоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотод ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа байх.

Бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна

Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна. Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж бодлог гэдгийг харууллаа” гээд МАН-ынхан НИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрч, "МАН-аас бор халзан хонь ч сонгогдохоор ийм сонгууль болсон" гэв.

ДАРААГИЙН ЭРХ БАРИГЧДАД ЗАХИХ ГУРВАН ЗҮЙЛ БАЙНА

Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар Улаанбаатарын утаа, эдийн засгийн хямралаас гарах өөр арга зам байхгүй. Тийм учраас эрх баригчид үүнийг ойлгож, бидний эхлүүлсэн “Сайн хашаа”  хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй.

“Сайн хашаа”  хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй

Хоёрдугаарт, “Төрийн үйлчилгээний супер маркет” эхлүүлсэн. Энэ нь дарга нарын ширээний доор нуудаг эрх мэдлийг төрийн үйлчилгээний супер маркетын лангуун дээр тавьж ард иргэддээ үйлчилдэг засаг захиргаа бий болгох ажил эрчимтэй эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байдаг. Ер нь ард иргэдээ далайлгаж, дарамталсан, дарга нарын захиргааг бий болгож болохгүй. Манай нийслэлийн ард иргэд төрийн үйлчилгээг хүртэж, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй хүмүүс шүү.

“Төрийн үйлчилгээний супер маркет” эхлүүлсэн

Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг гацааж, зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр бол нийслэлийн соёл урлагт бодитой дэмжлэг үзүүлсэн юм. Гэтэл зогсчихвол харамсалтай. Нэн ялангуяа даншиг наадмыг улстөржүүлж зогсоож болохгүй. Даншиг наадам эхэлж байхад ардын хувьсгалын наадамтай өрсөлдүүлж ийм юм хийж байна гэх буруу ташаа ойлголт төрүүлэхээр мессеж цацагдаж байсан. Би зориуд хэлмээр байна, тийм санаа бодол байгаагүй. Ер нь “Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг татах боломж нэмэгдсэн юм шүү. Мэдээж хэрэг газрын наймаа, газрын авлигал зогссон” гэлээ.

“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг гацааж, зогсоож болохгүй