m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 05:47
124
Алдарт хөлбөмбөгч Зико манай улсад ирнэ

Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилын домогт хөлбөмбөгч Зикотой уулзаж, Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгыг гардуулан өгчээ. Зико урилгыг хүлээн авч, ирэх есдүгээр сард Монголд айлчлахаар болжээ.

Алдарт хөлбөмбөгч маань өөрийн төрөлх Рио дэ Жанейро хотноо бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан хөлбөмбөгийн төв ажиллуулдаг аж. Уулзалтын үеэр Монголд түүний нэрэмжит хүүхдийн болон мэргэжлийн хөлбөмбөгийн клуб байгуулах буюу аль нэг клубыг түүний нэрэмжит болгох талаар санал солилцжээ. Энэ талаар “Зико сан”, Монголын хөлбөмбөгийн холбоо хооронд яриа хэлэлцээ явуулж буй бөгөөд Зиког Монголд айлчлах үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна.

Зиког Бразилын хөлбөмбөгийн домогт Пелетэй зүйрлэж, “цагаан Пеле” хэмээн нэрийддэг. Тэрбээр Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гоцлон 71 удаагийн тоглолтод 48 удаа гоол оруулсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ шигшээ багийнхаа түүхэнд дөрөвдүгээрт жагсдаг аж. 1978, 1982, 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай тоглож, алдар хүндээ олсон тэрээр зодог тайлж, 2004 оны Ази тив, 2006 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг дасгалжуулан бэлтгэж байжээ.