m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 05:45
85
Төр түшилцэх эрхмүүд юу хэлэв?

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр  УИХ-ын 76 шинэ гишүүнд түр үнэмлэхийг нь гардуулж өглөө. Тэрбээр "Шинээр сонгогдсон гишүүдийн түр үнэмлэхийг гардуулж дууслаа.  Одоо СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний нэрсийг айлтгана. Амжилт хүсье" гэлээ.

                        Энэ үеэр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.


Н.Учрал: Түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

- Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье. Та бүгдийнхээ итгэлийг дааж, ярьснаа биелүүлэхийн зэрэгцээ намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн тус дүүргийн таван хорооны асуудпыг шийдвэрлэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Мөн сонгуулийн үеэр намайг дэмжээгүй сонгогчид байгаа. Цаашид тэдгээр хүмүүсийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана.
 

О.Баасанхүү: АН-ыг хамгаална

МАХН-аас нэр дэвшиж сонгогдсоны хувьд намын дуу хоолойг хүргэнэ.  Ардчилалд аюул учирсан. Энэ нь АН-ын лидер гэгдэх зарим этгээдүүдийн хоорондын зөрчлөөс хамаарч байна.  Сонгуулийн үеэр иргэдийн санал их савлалаа. Тиймээс ардчиллалыг хамгаалахын төлөө тууштай явна. Ардчилсан намыг хамгаална гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин МАН-ыг зөвд нь дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллана.

МАН-ыг зөвд нь дэмжиж, бурууг нь шүүмжилнэ

А.Сүхбат: Төрийг дампуурлаас гаргана

Бид юуны түрүүнд төрийг дампуурлаас гаргана. Мэдээж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Ер нь  ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Тиймээс хэцүү  цаг үеийг яаж давах талаар тодорхой ажлуудыг хийх болов уу.

Хэцүү  цаг үеийг яаж давах талаар тодорхой ажлуудыг хийх болов уу

Ц.Мөнх-Оргил: Бид шинэчлэлийн ажлыг цааш үргэлжлүүлнэ

Бид шинэчлэлийн ажлыг цааш үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн өнөөдөр МАН-д итгэл хүлээлгэхдээ эдийн засгийн гүнзгий хямрал, өрийн дарамтаас гаргахыг хүсэж сонголтоо хийсэн болов уу. Мөн бидэнд өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх даалгавар өгсөн гэж ойлгож байна. Тиймээс эдгээр ажлууд УИХ болон Засгийн газрын анхаарлын төвд байна.

Бид шинэчлэлийн ажлыг цааш үргэлжлүүлнэ

 

Н. Амарзаяа: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ төлөөлж байгаадаа баяртай байна

- СЕХ-ны тогтоол шийдвэрийн дагуу миний бие УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. Ард түмэн ялж, сонголт нь мэргэн байв.  Өнөөдөр би говь нутгийнхаа нийт ард түмнээ төлөөлж, Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ төлөөлж байгаадаа баяртай байна. Өмнөговь аймгийн ард иргэд та бүхэндээ баярлалаа.