m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.14 11:34
99
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Эстонийн Ерөнхий сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас бараалхлаа.

Уулзалтын эхэнд Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас Монголд анх удаа ирж байна гээд АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаад нь Монголын талд баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эстони Улстай Монголын тал бүр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс нь сайн харилцаатай явж ирснийг дурдаж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, бололцоо их байгааг хэлэв.

Монголын эртний нийслэл Хархорумд эрт дээр үед Ази, Европ хоёр тивийн төлөөлөл уулзалдаж, тэднийг торгоны зам холбож байсан бол өнөөдөр хоёр тивийн төлөөлөгчид АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт хийхээр Улаанбаатарт ирж байгаа нь бэлгэшээлтэй болохыг мөн тэмдэглэлээ.

Монгол Улс нь ЗХУ-ын дараах хоёр дахь социалист орон байж, тухайн үед ганцхан сувгаар мэдээлэл авч байсан бол 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийж ардчилал, зах зээлийн зарчмаар өнөөдрийг хүртэл замнаж байгааг дурдав.

Саяхан Монголд УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль болж, парламентаа шинээр бүрдүүлж, Ерөнхий  сайдаа шинээр томилоод байгааг мөн тэмдэглэсэн юм.

Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас Монголд сонгуулийг цахим системээр амжилттай явуулсныг сайшааж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийг цахим системээр явуулж, санал хураалт дууссанаас хойш 20-хон минутад багтаан дүнг гаргасныг сонирхуулж байв. Мөн Монгол Улс Европын холбоотой ойр дотно харилцаатай. Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Люксембургийн Ерөнхий сайд байхдаа Монголд хоёр удаа айлчилж байсныг дурдав. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель зэрэг нөлөө бүхий орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монголд айлчилж, хамтран ажилладгийг мөн тэмдэглэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хөрш ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нартай жил тутам 3 талт уулзалт хийж, түүгээр эдийн засгийн коридор байгуулах зэрэг хөрш 3 орны хамтран хэрэгжүүлэх бололцоотой олон чухал санал санаачлагыг хэрэгжүүлэх тогтмол механизмтай болсныг энэ үеэр танилцуулсан юм.

Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас 3 сая хүн амтай, уудам нутаг дэвсгэр, олон арван сая толгой малтай орныг өндөр технологитой, ардчилсан орон болгон хөгжүүлж байгааг уулзалтын төгсгөлд өндрөөр үнэлээд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад амжилт хүсэв.