m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.14 11:51
74
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ гэж юу вэ?” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 дугаар сарын 1 буюу “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан “Корпорайт-2” төвд “АСЕМ гэж юу вэ?” сэдвээр танилцуулга хийж лекц уншлаа.

Лекцийг “Mongol HD” телевизийн сувгаар болон Ерөнхийлөгчийн  твиттер, фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд лекцэнд  оюутан сурагчид, нийслэлийн төр захиргааны албан хаагчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон  Зэвсэгт хүчин, Хууль сахиулах байгууллагын албан хаагчид, сэтгүүлчид, АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр ажиллахаар бүртгүүлсэн иргэд, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, Гадаад хэргийн яамны ажилтнууд зэрэг 1000 гаруй хүн оролцов.

АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсантай холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон юм.

Үүний дагуу Монгол Улс 3 дугаар сарын 1-нд “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж, олон нийтэд АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөх зорилгоор хэд хэдэн ажил зохиосны нэг нь энэхүү танилцуулга-лекц юм.

2

3

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лекцийнхээ эхэнд “Та бүхэндээ эх орончдын өдрийн болон АСЕМ-ын өдрийн халуун мэндийг хүргэе. Энэ хоёр өдөр давхцаж байгаа нь бэлгэдэлтэй гэж бодож байна. Эх оронч байна гэдэг нь эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, нэр төрийг нь өндөрт өргөхийг хэлнэ. Энэхүү танилцуулга-лекцийг бэлдэхдээ ард иргэдээс ирсэн АСЕМ-тай холбоотой санал хүсэлт, шүүмж, асуултыг тоймлож хариулт өгье гэж бодлоо” гээд  АСЕМ хэмээх нэрийн талаар, байгуулагдсан шалтгаан, түүх, гишүүн орнууд, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, яагаад АСЕМ-ыг улс төрийн олимп гэдэг, Монголд зохиохын ач холбогдол, бэлтгэл ажил, иргэдийн оролцоо, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Манай улс АСЕМ-ыг зохион байгуулах эрх авсан тухай Ерөнхийлөгч тайлбарлахдаа, “Монгол Улсын гадаад бодлого, нэр төр, бидэнд итгэх итгэл дэлхий дахинд хэр зэрэг өсч, АСЕМ-ыг зохион байгуулах жинд тэнцсэнийг харуулж буйн илэрхийлэл” хэмээгээд АСЕМ бол монгол хүн бүрт улс орноо дэлхий дахинд эерэгээр сурталчлах, цаашлаад улс орны гадаад харилцаа, эдийн засаг, аялал жуулчлал  зэрэг олон салбарт маш том боломж, том хаалгыг нээж өгч байгаа түүхэн үйл явдал юм” хэмээн онцлов.4

Мөн,  Монгол Улс зохион байгуулагч орны хувьд АСЕМ-ын 20 жилийн ойд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд, Улаанбаатарт 7 дугаар сарын 15, 16-нд болох АСEМ-ын Дээд түвшний уулзалтаас “АСЕМ 20 жил, ирээдүйн түншлэл” сэдвийн хүрээнд “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах тухай танилцууллав.

Түүнчлэн АСЕМ нь Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагаас бүрддэг, хоёр жилд нэг удаа гишүүн орнуудад ээлжлэн зохиогддог гээд бодохоор ойрын 100 жилд манай улсад дахин зохиогдохгүй том арга хэмжээ болохыг иргэд сайтар ойлгохыг хүслээ.

Дээд түвшний уулзалтыг угтсан бэлтгэл ажлын бүтээн байгуулалт Монголдоо үлдэнэ, хамгийн чухал нь бид олон улсын хэмжээний томоохон уулзалт, зөвлөгөөн, семинар зохион байгуулах чадамж, туршлага хуримтлуулж, дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ стандартыг сайжруулж авч байгаа нь томоохон дэвшил болохыг танилцуулгадаа мөн тэмдэглэв.5

Тиймээс иргэн бүр энэхүү хоёр тивийг холбосон, чухал ач холбогдолтой арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулахад нэр төртэй,  хариуцлагатайгаар оролцож, улс орноо гэсэн нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл байр  суурьтайгаар хамтарч ажиллахыг Төрийн тэргүүн лекцийнхээ төгсөлд уриаллаа.