m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.14 11:53
79
АСЕМ-ын Залуучуудын чуулган амжилттай зохиогдож, Тунхаглал гаргалаа

0M_1408

 

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын чуулган 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо амжилттай зохиогдлоо. Тус чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 3900 залуу бүртгүүлсэнээс 100 төлөөлөгч сонгогдсон ба Монголын шилдэг 50 залуу оролцлоо.

АСЕМ-ын Залуучуудын чуулган нь дээд түвшний уулзалтын өмнө зохиогддог, оюутан залуусыг хамарсан томоохон арга хэмжээ бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, тэдний идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн үлгэрчилсэн уулзалт юм.

Оролцогчид 7 дугаар сарын  7-нд “Улаанбаатар чуулга”-ын байранд “АСЕМ-ын үйл явц ба Ази-Европын сангийн ирээдүйг төсөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг хийж, Дипломат ёс, хэлэлцээрийн тухай сургалтад суусны дараа Монгол Улс дахь АСЕМ-ын гишүүн улсуудын ЭСЯ-даар зочилсон байна.

7 дугаар сарын 8-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын дэгийн дагуу АСЕМ-ыг зохион байгуулагч улсын Ерөнхийлөгч, Европын Комисс, Европын холбоо, Мъянмар улс, Шинэ Зеланд Улсын төр, засгийн тэргүүн нарын байр сууринаас илтгэл тавьж, АСЕМ-ын суурь асуудлуудаар хэлэлцсэн байна. Мөн Монголын залуучуудын холбоонд зочилж, хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.

Улмаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар санал боловсруулж, чуулганы төгсгөлд Тунхаглал гарган ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт гардуулав.

Энэ үеэр Д.Ганхуяг дарга “АСЕМ-ын Залуучуудын уулзалт нь ирээдүйн удирдагч болох залууст дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орны төрийн тэргүүн нар хэрхэн хэлэлцэн тунгааж шийдвэрт хүрдгийг өөрийн биеэр туршин дадлагажих онцгой боломжийг олгодгоороо онцлог юм. Энэ удаагийн уулзалт ч онол, практикийг хослуулсан үр дүнтэй чуулган боллоо гэж би харж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн Ази-Европын сангийн Боловсролын хэлтсийн захирал Леони Нагараяан “Ази-Европын сан нь АСЕМ-ын загвар чуулганаас гадна Залуу манлайлагчдын уулзалт, Зуны их сургууль, Ерөнхий боловсролын сургуулийнхны сүлжээ зэрэг боловсролын олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монголд ирж, олон чадварлаг оюутан залуутай танилцсан, тэднийг дараа дараагийн төслүүдэд маань улам идэвхтэй оролцоно гэж найдаж байна” хэмээв.