m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 02:41
182
Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлдог

Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд... бүр бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол зарим гэр бүл таарч тохирохгүй, үл ойлголцол үүсэж, салж сарнидаг билээ. Тэгвэл Канзасын их сургуулийн сэтгэлзүйн мэргэжилтнүүд олон жилийн турш аз жаргалтай гэр бүлүүдийг судалж дараах дүгнэлтийг гаргасан байна.

НУУЦ №1

Оройн зоог – Орой бүр нэг ширээнд сууж, хооллонгоо ярилцахыг эрмэлз. Тэр өдөрт өөрт тохиолдсон сонин содноо ярих, элдэв асуудлаа хэлэлцэх зэргээр хөгжилтэй өнгөрүүл. Энэ үед зурагтаа заавал унтраасан байх ёстой гэнэ. Тэгэхгүй бол анхаарал сарниад, халуун дотно харилцаанд саад болох талтай. Мөн гэр бүлийн хэн нэгэн гишүүнд хэцүү асуудал тулгарсан бол сэтгэл санаагаар дэмж. Бусдынх  нь дэмжлэг түүнд маш их тус дэм болдог юм. Гэр бүл гэдэг нь жижигхэн хэрнээ энерги болон сэтгэлзүйн маш их нөөц бололцоотой групп гэдгийг бүү мартаарай.

НУУЦ №2

Ажил эрхлэлт – Хүн бүрт өөрт  нь баяр баясгалан өгдөг, хийх дур сонирхол бүхий ажил албатай байвал тун сайн. Заавал өндөр цалинтай байх албагүй. Өөрөө хэлбэл, эдийн засгийн статус болон орлогын хэмжээ нь аз жаргалд чухал биш. Аз жаргалын хэмжээ нь гэр бүлийн эдийн засгийн статусаас ер хамаардаггүй нь батлагдсан байна. Харин хүмүүсийн хоорондын харьцаа, нэг нэгнийхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх нь чухал.

НУУЦ №3

Ганцаардах боломж – Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх газар хэрэгтэй. Хүн бүрт өөрийн гэсэн хувийн орон зай бий болгож, бусад нь түүн рүү өнгийдөггүй, тэр орон зайг нь маш их хүндэлдэг байх ёстой.

НУУЦ №4

Хатуу дүрэмгүй – Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлдог. Энд ямар ч хатуу дүрэм, гэр бүлийн гишүүдэд зоогдсон үүрэг байдаггүй. Гэр бүлд харьцаа муу байх тусам төдий чинээ олон хориг нэг нэгэндээ тавьсан байдаг. Чи ингэж болно, ингэж болохгүй, ингэх үүрэгтэй гэх мэт. Гэр бүлийн гишүүдийн харьцааны үндэс нь итгэл, дотно харьцаа, нэг нэгийгээ байгаагаар нь хайрлан хүндлэх явдал юм. Ямар ч сэдвээр гэрийхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, хамгийн гол нь та гэр лүүгээ тэмүүлдэг бол танайх аз жаргалтай айл юм.

НУУЦ №5

Хуримын бөгж – Хэдэн мянган гэр бүлийг судлахад эхнэр, нөхөр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг, эхийн хүүхэд оюуны хөгжил, бие бялдар сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь харьцангуй бага байдаг аж.