m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 02:07
73
Сайхан сэтгэлийн хариу

Өдрийн наран нэлээд доошилж, үдшийн бүрий ирж байлаа. Замын хажууд мерседес машиныхаа дэргэд зогсоо настай эмэгтэйд туслахаар жолооч залуу хурдаа сааруулав. Залуу машинаа зогсоон инээмсэглэн очвол бүтэн цаг гаруй ганц ч машин зогсоогүйд санаа зовсон настай эмэгтэй айж түгшсэндээ ч юм уу, эсвэл даарсандаа ч тэр үү байдгаараа чичрэн зогсч байв. Өөрийнх нь ээжээс ялгаагүй настай эмэгтэй ийн зогсоог харсан залуу “Гадаа хүйтэн байна шүү. Та машиндаа суугаад хүлээж бай даа. Намайг Брайн Адамс гэдэг. Би танд тусалнаа” гээд шуудхан ханцуйгаа шуугаад хагарсан дугуйг нь янзалж эхлэв. Цаг гаруй ноцолдсоны эцэст дугуй бүтэн болж, харин залуу багагүй ядарчээ. Хөгшин эмэгтэй залуугийн тусламжинд ихэд талархаж, хэдийг төлбөл зохистойг эелдэгхэн асуув. Хэн нэг нь туслах гэж зогсоогүй бол эмэгтэй ямар хүнд байдалд орох байсныг төсөөлшгүй. Хэдийгээр түүний хийх ёстой ажил биш ч гэсэн Брайн хэн нэгэнд туслахаасаа хэзээ ч татгалздаггүй зангаа орхиж чадсангүй. Брайнд мөнгө хэрэгтэй, бас энэ удаа хийснээсээ илүү хөлс авах боломжтой байсан ч “Хэрвээ та намайг үнэхээр шагнамаар санагдаж байвал хэн нэгэн ядарсан хүнд намайг бодож тус хүргээрэй” гээд настай эмэгтэйг үдлээ. Хүнд хэцүү, хүйтэн өдөр  өнгөрч үдшийн бүрий болоход залуу халаасандаа мөнгөгүй ч, сэтгэл дүүрэн гэртээ буцав.  
...Хэдэн бээр яваад жижигхэн цайны газар харагдсанд хөгшин эмэгтэй урт аяллаа өндөрлүүлэхийн өмнө аяга кофе уун хоол идэхээр шийдэв. Цайны газарт орвол бараг л төрөх дөхсөн болов уу гэмээр том гэдэстэй зөөгч бүсгүй захиалга авлаа. Өдөржин ажилласан хөл хүнд бүсгүй ядарч байгаа нь харваас илт. Настай эмэгтэй энэ зуур өөрт нь тусалсан залууг бодов. 
Эмэгтэй хоолоо идэж дуусаад 100 долларын дэвсгэрт үйлчлэгчид өгөв. Үйлчлэгч бүсгүй мөнгийг задлан хариултыг өгөхөөр ширээн дээр эргэн ирвэл настай эмэгтэй гараад явчихсан, харин амны цаасан дээр “Хэн нэгэн хүн надад тусалснаар чамд туслах замыг нээж өгсөн юм. Хэрвээ чи надад эргүүлж төлмөөр санагдвал энэ тусламжийн хэлхээг битгий тасалдуулаарай” гэж бичсэн байв. Үүгээр ч зогсохгүй амны цаасан доор дөрвөн ширхэг 100-тын дэвсгэрт үлдээжээ.  

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үйлчлэгч бүсгүй ажлаа дуусган гэртээ ирж орондоо оронгоо болсон явдлыг санаад “Тун удахгүй төрөх үрд минь энэ мөнгө хэчнээн чухал болохыг сайхан сэтгэлт эмэгтэй яаж мэдсэн юм бол доо” гээд энэ бүхэнд хамгийн их санаа зовж, борви бохисхийлгүй ажилласандаа ядран унтаж байгаа нөхөр лүүгээ харан “Бүх зүйл сайхан болно. Би чамд хайртай, Брайн Адамс” хэмээн шивнэлээ.