m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 00:28
170
Томилолтоо дуусгасан сахиусан тэнгэр

Ээж салан явах тэр өдөр аавтай оройжингоо ярьж суусан юмдаг. Тэр хоёрын ярианаас би зөвхөн “Чи яв даа, Би Пэйпэйд бүгдийг тайлбарлаж өгөх болно” гэсэн ганц өгүүлбэр л тогтоож хоцорсон юм. Энэ үгийг аав хэлсэн болохоор би ээжийг явах гэж байгаа юм байна гэдгийг ойлгосон билээ. Ээжийг явсны дараах хэдэн өдрийн турш би аавын тайлбарыг хүлээгээд л байсан боловч тэр энэ тухай мартчихсан мэт намайг сургуульд минь хүргэж өгөөд буцаан авахын зэрэгцээ, багшийн эцэг эхчүүдтэй харилцах дэвтэр дээр миний шинээр ямар үсэг сурсан, сонссон үлгэрүүд зэргийг бичиж тэмдэглэдэг нь бусад хүүхдүүдийн хувьд ээж нарынх нь гүйцэтгэдэг ажил билээ. Эмээ маань ээжийн тухай ярих болгондоо “Сэтгэл нь ч аль эрт хувирчихсан хүн дээ” гээд санаа алдахад аав түүнийг харцаараа дуугүй болгоно. Ээж маань яваад бараг нэг долоо хоносны дараа нэгэн орой аав маань надад уншиж өгч байсан үлгэрийн номыг хаагаад, хөнжлийн сэжүүрийг дахин дахин илбэж тэгшлэнгээ өгүүлрүүн “Чи сахиусан тэнгэрийн тухай үлгэрийг сонсож байсан шүү дээ. Сахиусан тэнгэрүүд хаа нэгтээ нисэн очоод, тэнд нь хэн нэгэн хүн даарч, өлсөж байх юм бол тэндээ үлдээд тэдэнд тусалдаг. Хэрвээ очсон газар нь бүх зүйл сайн сайхан байх юм бол сахиусан тэнгэрүүдийн санаа амраад өөр тус дэм хэрэгтэй хүмүүсийг хайн оддог. Хорвоогийн эцэг эхчүүд бүгдээрээ сахиусан тэнгэрүүд байдаг болохоор хүүхдүүдийг харж хандан, тэдний өсч томроход нь тусалдаг юм даа. Манай гэрийн тухайд аав нь Пэйпэй чамайгаа харж хандаад байж чадах тул ээж чинь санаа амраад, ажил үүргээ гүйцэтгэж дууссан сахиусан тэнгэр мэт Австрали гэдэг холын хол газар нисээд явчихсан юм. . . . . . .” хэмээв. Энэ бол миний амьдралдаа сонссон эцэг эхчүүд үр хүүхдэдээ “салалт” гэдэг үгийн талаар хийсэн хамгийн сайхан, уран яруу атлаа ухаалаг тайлбар байж билээ. Бяцхан үрсийнхээ гэнэн цайлган сэтгэлд хар толбо үлдээхгүй тулд эцэг эхчүүд бүхэн үргэлжид хичээх хэрэгтэй ажээ.