m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.29 11:32
79
Байнгын хороод дөрвөн сайдын томилгоог дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томилохыг дэмжлээ.

Эдийн засгийн Байнгын Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, С.Даваасүрэнг олонхийн саналаар дэмжив.

Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, А.Ариунзаяаг дэмжлээ. Тэрбээр МАН-ын Эдийн засгийн хөгжлийн газрын даргаар ажилладаг.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж О.Эрдэнэбилэгийг  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг 83,3 хувийн саналаар дэмжлээ.

Эдийн засгийн Байнгын хороо хуралдаанаар Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, П.Ганхүүг 90 хувийн саналаар дэмжлээ. П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байсан. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар дэмжлээ.

Эдийн засгийн Байнгын хороо дангаараа хуралдаж, Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар дэмжлээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай, Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.