m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.30 03:00
123
1996 оноос хойш анх удаа эрэгтэй туйванч олимпод оролцохоор боллоо

“Рио-2016” олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тоо нэгээр нэмэгдэж, 43-уулаа боллоо. Өнгөрсөн баасан гаригт хүндийг өргөлтийн 56 кг-ын жинд өрсөлдөх байсан ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдсан тул манай тамирчин Ө.Чагнаадоржид Риог зорих эрх шилжсэнийг албан ёсоор мэдэгдэв. Манай улсаас 1996 оны олимпийн наадмаас хойш анх удаа эрэгтэй туйванч ийн олимпид өрсөлдөх боломжтой болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрыг эзэлсэн билээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн. Ингэснээр тэр энэхүү амжилтаараа улсынхаа болон өөрийн тогтоосон залуучууд, насанд хүрэгчдийн рекордыг тус бүр гурав, нийт улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоожээ. Ө.Чагнаадорж өнгөрсөн жил АНУ-д болсон ДАШТ-д оролцсон бол энэ онд насанд хүрэгчид болон залуучуудын УАШТ-д түрүүлсэн юм.