m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 07:54
81
Ж.Батзандан: Шинэ хүмүүсийг намдаа оруулж, шударга залуусаа дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын шинэчлэлийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлийн эхэнд тэрээр АН-ын шинэчлэл, үзэл баримтлалын талаар ярилцахаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийхээр ажлаа эхлүүлсэн талаараа онцолсон юм. Хэлэлцүүлэг 21 аймаг, 9 дүүрэгт хоёр сарын хугацаанд үргэлжлэн явагдах аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр “Би АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн. АН ирээдүйд ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Үндэсний хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа хэлье. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ямар ч улстөрийн нам сонгуулийн дараа өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ялангуяа энэ удаагийн сонгуулиар ялагдал хүлээсэн АН-ын хувьд алдаа оноогоо дэнсэлж, намаа шинэчлэх хэрэгтэй. Шинэ хүмүүсийг намдаа оруулж, шударга залуусаа дэмжих хэрэгтэй. Үзэл санааны шинэчлэл манай намд үгүйлэгдсээр ирсэн.  Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна" гэсэн юм. 

АН-ын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй чөтгөрийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна. АН сонгиуульд үнэндээ энэ чөтгөрийн тойргоосоо болж ялагдсан. Одоо энэ сарын 25-нд болох ҮЗХ-ны хурлаар фракцын дарга нар хуралдаад АН-ын даргаар тавих гэж байна. Ингэвэл АН шинэчлэгдэж чадахгүй. Тиймээс АН-ын шинэ даргыг үндэсний хэлэлцүүлгээр тавих ёстой. АН фракцийн тогтолцооноосоо одоо салах цаг нь болсон" гэлээ.