m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.12 05:43
66
Монголын танкчид наймдугаар байранд шалгарлаа

Бразилд олимп болж байгаа энэ цаг хугацаатай давхцан ОХУ-д "Арми-2016" олон улсын цэргийн тэмцээн болж байна. Зэвсэг техник өндөр хөгжсөн 18 орны Зэвсэгт хүчний танкчидтай Монголын танкчин дайчид өрсөлдөж нэгдсэн дүнгээр наймдугаар байр эзэллээ. Тодруулбал, Монголын танкчид 8 дугаар сарын 10-нд биатлоны хагас шигшээд тоосоо өргөв. Нэг танкаар буухиалж уралддаг, зэрэг гараатай, их буугаар явдлаас хөндлөн бууддаг, байны тоо нэмэгдсэн зэрэг хүндрүүлсэн дасгал гүйцэтгэдгээрээ өмнөх нэг бүрийн шатнаас ялгагддаг ажээ. Тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Е.Поплавскийн өгсөн дохиогоор Казахстан, Беларусь, Иран, Монголын танкууд уралдааны машин адил ухасхийн гараанаас гарлаа. 
Хос мөртэй гүүр хүртэл ахмад Б.Баярбаатарын танк Ираны экипажийн шил дарж бусдыгаа дагуулав. Галын цэгт беларусууд эхлэн хүрч их буугаар хоёр онож, нэг алдлаа. Буудлагын алдаа бүр торгуулийн тойрог болдог хатуу дүрэмтэй. Энэ зуур Монголын экипаж гранатомёт, нисдэг тэрэгний байгаа устгасан тухай шүүгчийн шийдвэрийг тайлбарлагч уламжлав. Беларусын экипажийн араас монголын танк усан саадыг амжилттай тууллаа. Казахстаны танк их бууны гурван буудлагаа алдлаа гэж мэдээлсэн бол иранчууд гранатомётын байгаа онож чадалгүй торгуулийн тойрог руу хөдлөв. Монголын экипаж их бууны гурван сумаар явдлаас хөндлөн буудлага үйлдсэн ч байгаа оносонгүй торгуулийн тойрог чиглэлээ. 

                
Ираны экипажид танкаа солих шаардлага гарчээ. Гарааны эхний буухиаг Казахстаны экипаж шилжүүлэв. Уг экипаж их бууны буудлагаар өмнөх нөхдийнхөө алдааг давтаж дэмжигчдийнхээ сэтгэлийг гонсойлголоо. Монголын танкийн наводчик-оператор ахлах ахлагч Э.Өлзий-Орших гранатомёт болон танкийн байгаа мэргэн онолоо. Ираны хоёр дахь экипаж буухиаг хүлээн авав. “Монголын улаан танк усан саадыг яаралгүйхэн, гэхдээ итгэлтэй тууллаа” гэж тайлбарлагч өгүүллээ. Беларусууд нисдэг тэрэгний байг онилж байх зуур Ираны экипаж дөрвөн мина дайрч, хоёр байгаа оноогүй тул торгуулийн зургаан тойрог руу “шигдэгдэв”. Монголын экипаж 0,8 м-ын мөрөгцөг саадыг амжилттай туулсан тухай тайлбарлагч мэдээлж байв. Беларусын экипаж пулемётын хоёр байгаа онолоо. 
Буухиаг ахлах дэслэгч Б.Батжаргал даргатай экипаж үргэлжлүүлж, явдлаас хөндлөн буудлага хийхээр галын зааг эзлэв. Эхний сумаар байгаа онолоо. Хоёр дахь сумаар бас онолоо. Гурав дахь нь ялимгүй давж торгуулийн нэг тойрог тойров. Наводчик оператор ахлах ахлагч Э.Өлзий-Оршихын ур чадвар өмнөх шатанд үзүүлсэн амжилт шигээ өндөр байсаныг онцлоё. 
Энэ хооронд Казахстаны экипаж буухиагаа дамжуулав. Ард нь Беларусь ээлжээ солилоо. “Монголын экипажийн нямбай, хамтач ажиллагааг бид нэг бус удаа ажиглаж байна” гэх тайлбарлагчийн магтаал сонор мялаав. Танкийн дарга ахлах дэслэгч Б.Батжаргал танк эсэргүүцэх бууг онолоо. Нисдэг тэрэгний байг онилов. Яарсан хүнд арай л удах шиг санагдсан. Харамсалтай нь монголын танк торгуулын тойрог гүйцэтгэхээр болжээ. Удсан шалтгаан ч нөөц танкаа татан оруулсанаар тодорхой болсон юм. Зэвсэглэлд асуудал үүссэн бололтой.
Дэслэгч Р.Ариунболд даргатай экипажид сүүлийн буухиа дамжлаа. Гурван бай босч 30 сумаар устгах даалгавар гүйцэтгэв. Эхний байгаа амжилттай онолоо. Казахстаны экипаж хоёр байг алдаж буудсан учир торгуулийн тойргоор шийтгүүлэв. Иранчууд их бууны эхний сумаа цөлж, хоёр дахь сумаар онолоо. 
Беларусууд 1 цаг 45 мин 42 сек-ээр барианд түрүүлж орлоо. Монголын экипаж явдлаас хөндлөн буудах даалгавар гүйцэтгэв. Наводчик-оператор дэд ахлагч Т.Молом энэ жил анх удаа орж байгаа гэхэд муугүй буудлаа. Түүний илгээсэн гурван сумны сүүлийнх нь байндаа туслаа. Казахстаны баг 1 цаг 59 мин 40 сек-ээр барианд орж харагдсан. Уралдааны талбарт Монгол, Ираны экипажууд үлдэж өрсөлдөв. Иранчууд сүүлийн экипаждаа буухиаг дамжуулав. Монголын экипаж зенитын пулемётоор буудлаа. Дэлгэцэнд багийн дасгалжуулагч хурандаа Ц.Төрмөнхийн анхаарал төвлөрсөн царайг харуулж “сэтгэл нь бусдаас илүү дэнслэж байгаа даа” гэж тайлбарлагч хэлж байгаа сонсогдсон. 
Цаг хугацаа хором алгасахгүй довтолгосоор. Манай залуус нисдэг тэрэгний байг онолоо. Харин танк эсэргүүцэх бууг оносонгүй. Торгуулиа тойров. “Нэгдлийн хүү, даага хоёр нэрээ бод” гэдэг шиг соёмбот далбаатай улаан танк 840 морины хүчтэй хөдөлгүүрийн хурдыг шалган давхиж харагдав. Энэ хооронд Ираны экипаж хоёр сумаа банзанд ч үгүй буудаж орхив. Монголын экипаж танк эсэргүүцэх гууг давж сүүлийн 100 м-ийн шулуун замд “ниссээр” 2 цаг 09 мин 55 сек-ээр барианы зурхайд орлоо. Багийнхаа буухиаг амжилттай өндөрлүүлсэн танкийн механик жолооч, ахлагч Б.Цэрэнбатын чадвар багийн амжилтад чухал нөлөө үзүүлсэнийг хурандаа Ц.Төрмөнх дурдаж байлаа. Ираны танк торгуульдаа “шатаж” хугацаа алдсаар манайхаас 44 минут орчмын дараа тэмцээнээ өндөрлөв. 

                  
Шилдгүүд өрсөлдсөн хагас шигшээ уралдааны эхний хоёр өдрийн дүнгээр дэд хурандаа Д.Баяртогтох ахлагчтай Монголын баг Беларусь, БНХАУ, Казахстаны танкчдын араас 4 дүгээр байранд жагсав. Манай залуус мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, техникийн хүчин чадал, сэтгэл зүтгэл бүхнээ дайчиллаа. Гурав дахь жилдээ орж байгаа, өнгөрсөн жил гэхэд 13 орноос 10 дугаар байранд орж байсан Монголын танкчид энэ удаад хагас шигшээд итгэлтэй шалгарч амжилтаараа 18 багаас 8-д орно гэдэг том амжилт юм. 
Тэмцээнд олон улсын шүүгчээр ажилласан хурандаа Ж.Цэрэнчимэд “Дөрөв дэх удаа болж тэмцээнд оролцож буй багуудын бэлтгэл сайжирсан байна. Өмнөх жилүүдийн тэмцээнээс олж авсан туршлага, сургамж үүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Ялангуяа буудлагын онолт их сайжирсан. Усан сааданд танкаа унтраадаг биш дайрч гардаг болсон зэргээс харж болохоор байна. Технологи өндөр хөгжсөн, танк үйлдвэрлэдэг орнуудын ард жагсана гэдэг манай хувьд багагүй амжилт. Гал удирдах автоматжуулсан системтэй Т-72Б3-тай болсон байхад манай танкчдын амжилт хавгүй илүү гарах нь боломжтой” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Багийн ахлах дасгалжуулагч, хурандаа Ц.Төрмөнх “Тэмцээний явцад бүх байныхаа 70-90 хувийг оносон нь бэлтгэлийн үед үзүүлсэн амжилтаа батлаж байна гэж хэлж болно. Ер нь Беларусь, Казахстан зэрэг техник, материаллаг бааз сайтай орнуудын багтай хамтарсан бэлтгэл хийвэл үр дүн нь гарна. Анголын баг гэхэд Казахстаны танкчидтай хамтарсан бэлтгэл хийсэн гэсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ур чадвар нь илт сайжирчээ” гэж өгүүлэв. 
“Танкийн биатлон”-ы шигшээд ОХУ, Беларусь, БНХАУ, Казахстан улсын баг аваргын цомын төлөө өрсөлдөхөөр шалгарав. Шигшээ уралдаан 8 дугаар сарын 30-нд Олон улсын армийн тоглолтын хаалтын өдөр явагдаж дүнгээ гарна.