m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.12 06:14
76
“ЭЗЭГТЭЙ НАРЫН СИНДРОМ”-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Синдром №1: Хов жив хөөх

Шинж чанар: Урьд нь шимтэн сонсдог байсан эдийн засгийн мэдээнд анхаарал татагдахаа больж, ТВ шоппингийн сувгийг л өдөржингөө үзэх, папараци сэтгүүлүүдийг улирлаар нь захиалдаг болох, хов живийн вебсайтад нэг орохоороо гарахаа мэдэхээ болих, хэн нэг дуучны клипийг үзэхэд түүний хөхөндөө мэс засал хийлгэсэн тухай санаанд орж, хажуу дахь хүндээ хэлье гэхээс хэл загтнаад байж ядах...

Эмчилгээ: Бидний тархи яг булчин шиг. Хөгжүүлэхгүй бол 

зогсонги, хүчгүй байдалд орно. Бодлууд маань ямар үед хөгждөг вэ гэж үү? Ямар нэг сорилттой тулгарч, асуудлын шийдлийг эрж, логик дарааллаар нь байрлуулж, болж буй үйл явдлуудын учир шалтгааныг тайлах оролдлого хийх үед. Ийм чиглэлээр толгойгоо тогтмол ажиллуулахгүй удах тусам ямар ч бодох шаардлага гардаггүй хялбархан мэдээлэлд дуртай нь аргагүй татагддаг. Бас тархийг маань хогийн сав шиг болгодог мэдээлэл хүнийг донтуулах чанартай. Өөрийнхөө хуучин сонирхлуудыг сэргээж ном зохиол унш.Жолоонд суух, хэлний дамжаанд явах зэргээр чадвараа нэмэгдүүлэх зүйл эрэлхийл,сурч мэдэх зүйл өчнөөн бий гэдгийг сана.

Синдром №2:Хий хардах

Шинж чанар:”Ажилдаа яваад ирлээ” гэдэг үгийг нь “Өөр эмэгтэйтэй уулзаж байгаад ирлээ” гэж орчуулан сонсох, утасных нь дуудлагыг шалгаххүсэл тасралтгүй төрөх, урьд нь үерхдэг бүсгүйчүүл нь одоо хаана юу хийж явааг шалтгаангүйгээр шалгаах, нөхрөө секс хийлгүй унтвал сэжиглэсэндээ дотоожийг нь шалгаж үзэх...

Эмчилгээ: Завтай байгаа тархинд элдэв дэмий зүйл бодогдох зай завсар их гардаг. Ургуулан бодох чадвараа илүү хэрэгцээтэй зүйлд зарцуул. Гэр бүлийнхээ дараагийн таван жилийн зорилгыг хамтран тодорхойлж түүнийгээ биелсэн байгаагаар төсөөл. Мөрөөдлөө бичдэг дэвтэртэй бол. Мөн өөртөө итгэх итгэлээ хурцлахын тулд “Надаас өөр эмэгтэй рүү яг харж харагдаач” гэсэн бардам бодол төрдөг болтлоо гадаад төрхөндөө анхаарал тавь. Гэхдээ энэ нь нөхрөө базах биш чам шиг сайхан бүсгүйд төрж боломгүй тийм сул дорой бодлуудаасаа өөрийгөө ангижруулахад л төвлөрөх ёстой шүү.

Синдром №3:Савангийн дуурьт автах

Шинж чанар: Бүх суваг дээр гардаг олон ангит киног цагийнх нь эрэмбэ дараатай ягштал цээжилсэн байх, огт суралцаж байгаагүй хэрнээ солонгос хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшсэн байх, сүүлдээ амьдрал өөрөө олон ангит кини шиг санагдаж киноны дүрүүдийг өөрийнхөө таньдаг хүмүүстэй жишин адилтгах, хэн нэгнээс өшөө авах юм уу, хүүхдийнхээ толгой руу алгадах сэдэл төрөх...

Эмчилгээ:”Өнөөдрөөс эхлэн савангийн дуурь үзэхгүй” гэж өөртөө амлалт өг. Тэгээд энэ “хорт зуршил”-аасаа болж өмнө яаж өөрчлөгдсөн тухайгаа жагсаан бич. Нэг их сүржигнэх гээд байгаа юм шиг санагдавч жижигхэн өөрчлөлт ч амлалтын дараа бий болдог шүү дээ. Хүн сонсож, харж байгаа зүйлээ амьдрал дээр өөрөө ч мэдэлгүй давтаж хийх гээд байдаг. Чиний амьдрал драма шиг таагүй адал явдлуудтай байвал яав ч сайхан биш. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, оройн цагаар хийдэг өөр зүйлтэй болоорой. Шинэ хобби, фитнесс, бүжгийн сургалт ямар сонсогдож байна.

Синдром №4:Уцаарлангуй болох

Шинж чанар: Хүүхэд чинь жаахан л сахилгагүйтэхэд чангаар хашгичих, орой болгон нөхөртэйгээ шалтгаангүйгээр ам мурийгаад авах,”ёооё” гэдэг үгийг өдөрт 50-иас олон удаа хэлэх, өөртөө ямар ч хяналтгүй болж байгаагаа алхам тутамдаа мэдрэх...

Эмчилгээ: “Ааштай авгай” гэж дуудагддаг, тийм төрлийн эмэгтэй болохыг хүсэхгүй байгаа чинь мэдээж. Эелдэг зөөлөн ааш зан чинь хааччихаа вэ? Энэ синдром зөвхөн гэртээ удаан байснаас үүдээгүй ч байж болно.Ахуйн жижиг асуудлууд, амьдралын нөхцөл бололцоо, тодорхой үйл явдлаас болоод ч чиний ааш аажим аажмаар, үл мэдэгдэм хувирч байж болох юм. Аль нь ч бай одооноос “ийм хүн” биш гэдгээ ухамсарлаарай. Нэг өдөр цаг гаргаж байгаад тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө талаар эргэцүүлэн бичээрэй. Хэзээнээс эхлэн амьдрал тийм ч сайхан санагдахаа больж, хамаг ачааг нуруун дээрээ аваад байгаа юм шиг санагдаж, хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болов? Тэр учир шалтгааныг амьдралаасаа арилгах зорилго тавь. Мөн уулзах тоолонд сөрөг зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлдэг эсвэл чиний амьдралын бүтэлгүй талуудад ач холбогдол өгч ярьдаг өөдрөг биш хүмүүсээс зайгаа барь. Чи энэ тал дээр өөрийнхөө сэтгэлзүйч, аврагч байж чадна гэдгийг бид мэднэ.