m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.13 02:42
116
Дээсэн дээр дэнжигнэж буй харилцаагаа авар

Түүнийг бодохоор л дургүй чинь хүрээд байна уу?Хэн хэндээ гомдож, хамгийн хатуу гэсэн үг бүрийг хайр найргүй чулуудаж, харилцаагаа эцэслэхээр шийдээд байгаа юм биш биз? Хэдэн жил үерхсэн эсвэл хэдэн арван жилийг хамтдаа туулсан байхаас хамаарахгүйгээр тэнгэр ниргэх шиг ийм хатуу өдөртэй бүхий л хосууд нүүр тулдаг. Тэр бүхэнд галт сум шиг түргэдэж бүхий л харилцаагаа түймэрдэх гэж оролдохоос илүү аль болох гал түймрээс юуг авч үлдэж болох талаар эргэцүүлэн бодоорой.

Арга №1:Хэн нь буруутай вэ?

Энэ асуултаас болоод л та хоёрын харилцаа дээсэн дөрөөн дээрээ дэнжигнэсэн хэвээр л  байгаа юм. Хэн нэгэн нь эхэлж энэ дээсэн дээрээс нөгөөгөө түлхэнэ тэр үед бүх зүйл дуусна. Мэдээж чиний хувьд тэр буруутай.Харин түүний хувьд бол гарцаа байхгүй чи буруутай. Яг одоо чи түрүүлж энэ бүхнийг уншиж байгаагаарай ахин сайн бодоод үз. Та хоёрын харилцаа үнэхээр дуусах цаг болсон гэж бодож байна уу? Эсвэл чи түүнийг түрүүлж буулт хийн ямар нэг үйлдэл хийхийг нь хүлээгээд байна уу? Хэрвээ түүнээс ямар нэг зүйл хүлээж байгаа бол энэ удаа хүлээлтийн зураасаа өөрөө даваад гар. Учир нь нэг нэгнээ дээсэн дээрээс түлхэж унагалаа гээд та хоёрт аль алинд нь сайхан байхгүй учраас хамгийн түрүүнд ухаан орж сэхэл авсан нэг нь оройтохоос урьтаад үйлдэл хийх хэрэгтэй. Түүн рүү уучилсан харцаар удаан ширт.Эсвэл сүүлчийнх мэтээр удаан тэвэр.Зүгээр л энэ удаа чи түрүүлээд сэтгэл доторх бүх мэдрэмжээ гаргачих.

Арга №2:Ямар үг хоолой дээр чинь тээглэж байна?

Та хоёрын дайн үгэн буугаар нэг нэгнээ гэмтээснээс л эхэлсэн. Ингэхэд та хоёрын хэн хэн нь үгэн сумаараа эхлээд өөрийгөө онож үзэх хэрэгтэй байсан юм. Гэхдээ одоо ч оройтоогүй. Түүнд хэлсэн бүх үгээ яг өөртөө чиглүүлж байгаад хэлээд үз. “Чи өөрөө тэнэг, Чиний буруу биздээ, Чи юу ч чаддаггүй арчаагүй амьтан”гэх мэт. Зүгээр л та хоёр аль алиндаа зоосон сумаараа өөрсдийгөө эхлээд оносон бол энэ дайны галыг бага дээр нь унтрааж болох байлаа. Гэхдээ дутуу алсан могой шиг ингэж дэмий сэтгэл дотроо бугшиж байхаар нэг мөсөн гаргасан нь хамаагүй дээр л дээ. Эхлээд өөртэйгөө ярилц. Ямар нэг зүйлийг түүнд хэлж ойлгуулах гээд байгаагаа нэгд нэгэнгүй ойлгож ав. Тэр зүйлээ өөртөө хэлж үзээд яг яаж хэлсэн бол дайн эхлэхгүй байх боломжтой байсныг олж хараарай. Ихэнх хүн бусад руу бүх буруу, муу зүйлийг чихэж байж, тэрхэн зуур санаа амардаг. Гэхдээ тэр агшин өнгөрсний дараа тайвширч чаддаггүй. Учир нь хулгайч хүн “би аваагүй” гэж мэлзэх боловч авснаа мэдэж байдаг шиг хүний “дотор хүн” гэгч өөрийнхөө буруутайг мэдэж байдаг юм. Харин одоо хайртай залуудаа хэлэхийг хүсч байгаа үгсээ яг өөртөө хэлж байгаа юм шиг хайраа шингээж байгаад хэлээрэй. Битгий цаг алд.

Арга №3:Өнөө л нэг бардам зан уу?

Энэ бүх арга, зөвлөгөө гэх мэт зүйлс чамд утгагүй санагдаж байна уу? Магадгүй. Учир нь чиний бардам зан энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд нэлээн татлаа болно.Гэхдээ нэг удаа, бүр ганцхан удаа хайрынхаа төлөө бардам зангаа хойш нь тавиад үзвэл ямар вэ? Зүгээр л эмэгтэйчүүд бид чинь бардам зан нь хөдлөхөөрөө буруу тийшээ хараад дуугаа хураагаад хэвтчихдэг эс бөгөөс хаалгаа саваад юу ч хэлэлгүй гараад алхчихдаг хүмүүс шүү дээ.Энэ удаад бүх чимээгүй гуниглал, ганцаардсан шаналлыг үргээхийн тулд бардам занг нилээн хойш нь тавь. Энэ бол өвдөг сөгдөн уучлалт гуйх тухай зөвөлгөө огтхон ч биш. Зүгээр л сэмэрч, урагдаж байгаа сэтгэлээ эмнээд нэг удаадаа түүнийг чин сэтгэлээсээ сонсохыг л сануулж байгаа хэрэг юм.Тэр угаасаа л ярьдаг зүйлээ л ярих байх гэж чи бодож байгаа. Гэхдээ энэ удаа өөр. Учир нь чи түүнийг ойлгохыг хичээж зөвхөн өөрийнхөө өнцгөөс харахгүй байгаа. Энэ удаа чи өөрийнхөө сонсохыг хүсч байгаа зүйлээ түүнээс асуу. Хамгийн муухай бас хамгийн сайхан зүйлсийнхээ талаар нууж хаалгүй асуу.

Арга №4:Үггүйгээр ойлголцож чадах уу?

Харин одоо чиний харц бүх зүйлийг чиний өмнөөс ярих болно. Эсвэл чиний хандлага ч гэж хэлж болох юм. Хэрвээ та хоёр яг л нэг зүйл яриад тэгээд бүр эцэстээ маргаан чинь ямар ч утгагүй зүйл шиг санагдаж байгаа бол хонгор минь тэр залууд аз жаргалыг мэдрүүлж нэг инээмсэглээч дээ.

Арга №5: Чи анх яагаад энэ хүнд дурласан юм бэ?

Энэ бол миний мэдэх хамгийн шилдэг, бас хамгийн сайн тактик. Яг одоо чиний үзэн ядаж байгаа тэр хүн чинь чамайг анх ямар харцаар харж байсныг сана даа. Хамгийн анх түүнд хайртай гэдгээ мэдрэх үед чи тэр хүнийг хараад юу гэж бодсноо бас ямар мэдрэмж төрж байснаа бүр нэг бүрчлэн санах гэж хичээ. Тэр үед энэ хүнийг яагаад сонирхож байсан бас яагаад энэ хүнд чи өөрөө бусдаас илүү ихээр татагдсанаа сана. Тэр үед чи энэ хүнийг ямар ажил хийдэг, бас юу хийж чаддаггүй, бүтэлгүй, бүдүүлэг занг нь огтхон ч дэвэргэж хараагүй байж таараа. Гэхдээ л дурласан шүү дээ. Яг юунд нь дурласан юм бол? Тэр илүү хөгжилтэй илүү сонирхолтой гэх мэт бусдаас нэг л өөр байсан байж таараа. Хэрвээ энэ асуултын хариуг олох юм бол та хоёрын голдоо татсан дээс нэг нэгэндээ хүрэх гүүр болоход тийм ч хол биш.