m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 23:14
112
Ааш муутай даргынхаа эвийг олмоор байна уу?

Оффисынхоо босгыг алхахаас дургүй болсон ганц шалтгаан нь чиний дарга. Тэр чиний идэвх зүтгэлийг мохоохоос биш хэзээ ч хурцалж байгаагүй. Гэхдээ хичнээн аймшигтай даргатай байлаа ч арга эвийг нь олж болно л доо.Бид чамд ажлаа солихоос  бусад аргыг зөвлаж байна.

1.Хэзээ ч сэтгэл нь ханадаггүй дарга.

Хэрвээ чи магтаалаар урамшиж, улам их хичээдэг төрлийн хүн бол сэтгэл ханахыг мэддэггүй, хэт өндөр шаардлагатай дарга хамаг эрч хүчийг чинь барж дууссан байх. Чи яаж ч хичээсэн, борлуулалтыг яаж ч өсгөсөн, ямар ч шинэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн бай энэ даргаас сайшаал хүлээхгүй. Сайндаа л тэр мөрөө хавчиж, үл ялиг мушилзах болно. Тэр бол “Сайн ажиллалаа” гэж хэлэхээр өөрөөс нь юм унах гэж байгаа юм шиг л аашилдаг хүн.Удирдагч хүний үүргийг тэр хянах, зааварлах гэж ойлгодог учраас шилдэг ажилчнаас ч өө сэв олж харснаар хүч чадлаа мэдэрдэг юм. Хайгаад хайгаад дутагдал олдохгүй байвал тэр чамд нэлээн хэдэн хавтас ажил өгөх болно.

Яаж аргыг нь олох вэ? Хэрвээ чиний дарга хэзээ ч сэтгэл нь ханадаггүй төрлийн хүн бол бидний зөвлөж чадах ганц зүйл нь хийсэн ажлаасаа та өөрөө сэтгэл ханамж авч сурах нь чухал юм. Хэн ч юу ч гэж хэлсэн чи өөрөө  сайн ажилласан гэдгээ мэдэж байгаа. Энэ л чухал.

2.Уцаартай дарга.

Тэр хэзээ ч инээмсэглэдэггүй. Инээж хөхрөн, тоглоом шоглоом хийх тал дээр бүр санахын ч хэрэггүй. Үргэлж л ямар нэг зүйл нь болохоо байдаг энэ хүнийг уурласан үед чи замаас нь эртхэн холдсон нь өлзийтэй. Уцаартай дарга нар ажил дээрээ эрт ирж, орой тардаг учраас нүдэнд нь өртөхгүйгээр ажиллана гэдэг бараг боломжгүй зүйл. Тэр өөрт нь саад болсон хүнийг, шаардсан юмыг нь тэр дор нь өгөөгүй ажилтныг, алдаа гаргасан нэгнийг үзэж чаддаггүй. Ганц үгээр хэлэхэд аймаар хүн. Яаж аргыг нь олох вэ? Түүний замаас хол бай. Ажлаа сайн хий. Цагаасаа бүү хоцор. Бичиг баримтаа цэгцтэй, хэзээ ч, хаанаас нь ч асуусан хормын дотор олохуйц байлга. Өндөр шаардлагыг нь далимдуулаад өөртөө хэд хэдэн чухал зуршлыг нэмээд ав.

3. Хоёр нүүртэй дарга.

Хоёр нүүртэй дарга бол учрыг нь олоход хамгийн хэцүү хүмүүсийн нэг. Учир нь чи түүнийг хэзээ ямар байхыг урьдчилан тааж чадахгүй. Нэг өдөр тэр хүн болгонтой найзархаж, бүгдийг нь магтаж, оффис дээр пицца захиалж, ажлын дараа шар айргаар дайлахыг санал болгоно. Маргааш нь харин тэр хэзээ ч сэтгэл нь ханадаггүй, уцаарлангуй дарга нарын холимог болж хувирна. Яаж аргыг нь олох вэ?

Мэдээж чи ч бас түүний аянд тааруулж хоёр нүүр гаргаж болохгүй. Гэхдээ урьд шөнө яаж согтсон тухайгаа ярихаасаа өмнө түүнийг ямархуу ааштай байгааг нь заавал тандаж байгаарай. Хэзээд төв, албан ёсны царайгаа хадгал.

4.Сайн хүндээ л сайнаар ханддаг дарга.

Ийм хүний дор ажиллана гэдэг тийм ч амар биш.  Чи түүний хайртай ажилчидтай эн тэнцүү, магадгүй тэднээс ч илүү ажил хийлээ гээд ямар нэг магтаал сайшаал хүртэхгүй.Иймэрхүү шударга бус зүйлс чамд үргэлж тохиолдоно. Даргын чинь нүдэнд өртсөн тэдгээр цөөн хэдэн хүн магадгүй зүгээр л азтай, эсвэл бялдуучлахдаа гаргууд хүмүүс байх. Аль нь ч бай, яаж ч ур чадвараа гаргасан хэзээд хоёрдугаар байранд жагсахаа мэдэж байгаа үед урам зоригтой ажиллана гэдэг ярвигтай нь үнэн. Чармайсаар байгаад хайртай ажилчдынх нь эгнээнд багтахаар хичээсэн ч нэгэнт байраа олсон хүмүүсийг зайчлах хэцүү, тэд ч чамтай нэр хүндээ хуваалцахыг хүсэхгүй л болов уу.

Яаж аргыг нь олох вэ? Хэрвээ даргынхаа нүдэнд өртөх хэцүү байвал зүгээр л урдах ажлаа сайн хийгээд хэзээ нэг өдөр чиний хичээл зүтгэлийг үнэлнэ гэдэгт итгэхээс өөр сонголтгүй юм. Бас түүний анхаарлаас гадуур байдаг мөртлөө түүнийг тоодоггүй ажилтнуудтай нөхөрлө. Тэгвэл чи стресстэхгүй, бас сайн ажиллахын тулд хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх шаардлаггүй гэдгийг ойлгоно.

“Зүгээр л ажлаа өөрийнхөөрөө сайн хийх” нь аймшигтай бүх дарга нарын учрыг олох гол арга болж байгаа биз? Үнэндээ энэ л хамгийн чухал юм. Хэдий ажлын бүтээмж чинь тодорхой хэмжээнд хамтран ажиллагчаас тань хамаардаг боловч нэгэнт л эсэргүүцэл үзүүлэх, таалагдах гэж хичээхийн аль аль нь төвөгтэй тул зан араншинг нь хүлээн зөвшөөрөөд, сэтгэл санаандаа нөлөөлөхгүй байхад суралцах хэрэгтэй. Энэ нь чиний амьдралаас олж авах хамгийн хэрэгцээтэй хичээл ч байж мэдэх юм.