m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 05:44
130
Евро-Азийг холбох гурван улсын гэрээг үзэглэлээ

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Тяньжин боомтод зохион байгуулагдсан олон улсын Автотээврийн хурлын үеэр Тяньжин-Улаанбаатар-Улан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг тээвэрлэх гэрээнд талууд өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурлаа.

Тус хурлаар Монгол Улсын газар нутгаар өнгөрч байгаа транзит ачаа тээврийн замыг засаж сайжруулахад хөрш хоёр орноос туслалцаа үзүүлэх, гурван улсын нутгаар тээвэрлэлт хийхэд ямар бичиг баримтууд шаардлагатай, аль аль цэгүүдэд авто зам ашигласны төлбөр хураах, ачаа тээврийн даатгалыг хэрхэн хийх зэрэг олон чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Уулзалт энэ сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотод үргэлжлэх бөгөөд эдийн засгийн коридор байгуулах зорилготой энэхүү гэрээ хэрэгжиж эхэлсэнээр цаг хугацаа, санхүүгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Мөн Орос, Хятадын төлөөлөгчид "Энэ хэлэлцээрийг батлах, транзит тээвэрлэлтийг явуулахын тулд Монголын талаас Д.Наранпүрэв, Н.Нямдаваа, Д.Батбаатар нарын зам тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчнүүд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсныг цохон тэмдэглэж байлаа.

ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам болох энэ чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмол хийдэг болсноор Азийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал нөлөө үзүүлэх орны нэг болох боломж нээгдэж байгааг албаныхан хэлж байна. Учир нь Ази, Европ хоорондын ачаа тээврийн 90 гаруй хувийг далайн замаар хийдэг. Энэ нь хуурай замын тээврээс, хоёр дахин урт замыг туулж, 2-3 дахин их хугацаа зарцуулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа.

Ази, Европын хооронд далайн тээвэр 45 хоног, төмөр замын тээвэр 10 хоногийн хугацаанд хийгддэг. Тэгвэл манай улсын нутгаар дайран өнгөрөх авто замын шинэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд энэ хугацааг 7 өдөр болгон богиносгож байгаа юм.