m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 05:28
94
АН 60 тэрбумын асуудлаар дахин гомдол гаргажээ

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрсөн. Тэгвэл Дархан-Уул, Орхон аймагт дахин сонгууль явуулах шийдвэрийг хуулийн байгууллагаас гаргасан талаар өнөөдөр АН-ын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батхуяг мэдээлэл хийлээ. Тухайлбал, Орхон аймгийн Хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийн дунд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Үүнийг СЕХ, аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхээр болжээ. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй хэрэг гарсан. Уг асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцээд Дархан-Уул аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Мөн Сүхбаатар аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж Засаг даргаа томилсоныг Сүхбаатар аймгийн Анхан шатны шүүхээс тогтоожээ. Уг асуудлуудыг хуулийн дагуу шийднэ гэжээ.

 

Мөн Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг олон нийтэд дэлгэгдсэн. АН-аас уг бичлэгийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Харин прокурорын газраас уг бичлэгийг эвлүүлэг хэмээн дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.  Уг шийдвэрийг эсэргүүцэж Ардчилсан нам  Нийслэлийн прокурорт дахин гомдол гаргасан байна. Уг гомдолд “Сонгуульд оролцох 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг цацагдсаны дараа нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “МАН-ын дотоод асуудлыг нийтэд мэдээлсэн байна. Энэ асуудлыг бид шалгаж байгаа” гэсэн мэдээлэл хийж, дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Хяналтын прокурор дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна” гэжээ. Уг бичлэгийг эвлүүлэг гэсэн яриа гарсан ч Шүүхийн шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлт  гараагүй байгаа аж. Үүнд АН-аас хяналт тавьж ажиллана гэлээ.