m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 03:58
80
Монгол - Хятад -Орос гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ

Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван улсын тээврийн асуудал хариуцсан яамд хамтран “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны 8 дугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа өнөөдөр Улаанбаатар хотноо ирж, угтан авах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Олон улсын дамжин өнгөрөх транзит тээврийн энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломжийг олгож буй юм. 

Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийг төлөөлөн Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин, ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

              

Зам дагуух сум орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой

Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн зам дагуух сум орон нутгийн хөгжилд дэмжлэг болж замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний чанар нэмэгдэх давуу талтай.

Туршилтын тээврийн үеэр газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох тул Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

           

Транзит тээврийн үед хил, гаалиар нэвтрэхэд хөнгөн шуурхай ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдсэн бөгөөд энэхүү Тээврийн конвенцид нэгдсэнээр тухайн улс, орон өөрийн хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг билээ. БНХАУ-ын хувьд энэхүү баримт бичигт нэгдэхээр хүлээгдэж байгаа юм.

Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдэг.

Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.