m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 23:33
79
Жолооны ард гар утсаараа оролдсон тохиолдолд торгуультай

Сүүлийн үед жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих зөрчил ихээр гаргасаар байна. Жолооч нар утсаар ярихаас илүүтэй сошиал медиа, фэйсбүүк твитер ашиглаж гэрэл дохио ассаныг үл анзааран зогсох нь хэвийн үзэгдэл болжээ. Гар утсаар оролдох нь жолоочийн анхаарал сэрэмжтэй байдлыг алдагдуулдаг бөгөөд нийслэл орчимд гарч буй осол аваарийн дийлэнхийг гар утасны дээрх хэрэглээтэй холбон тайлбарлаж болно. Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар яриагүй л бол утсаараа оролдож фэйсбүүк, твитер ашиглахад хуулийн хариуцлага хүлээхгүй хэмээн эндүүрдэг.

Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэл “Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсыг хэрэглэхгүй байх талаар дүрэм болон хуулинд тусгасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх буюу 9600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д гар оролцохгүйгээр ашиглах боломжгүй утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл чихэвч болон bluetooth ашиглан утсаар ярьж болох ба утас ашиглахдаа гараа оролцуулбал хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гар утсаар сошиал медиа ашиглаж байгаа болон утсаар ярьж байгаад зам тээврийн осолд холбогдсон тохиолдол бий. Тиймээс жолооч нарт зөвлөхөд замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэхгүй байх, утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ ярих, чихэвч болон бусад гарны оролцоогүй төхөөрөмж хэрэглэж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Одоогоос хагас жилийн өмнө нийслэлийн Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд зам дээр бага насны хүүхэд дайрч, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Уг ослын шалтгааныг замын хөдөлгөөнд оролцож байсан автомашины жолооч гар утсаараа мессеж бичиж байснаас үүдсэн хэмээн тайлбарласан байдаг. Мөн сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар сошиал ашигласнаас үүдэн жолоочийн анхаарал суларч, бусдын автомашинд гэмтэл учруулсан тохиолдол гарсаар байна. Тиймээс хариуцлагыг нэмэгдүүлж, зарим заалтыг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлага үүсчээ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн иргэдэд оногдуулах хариуцлага болон торгуулийн хэмжээг өндөрсгөхөөр Зөрчлийн тухай хуульд зарим заалтууд оруулаад байсан хэдий ч шинэ Засгийн газрын шийдвэрээр уг хуулийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.