m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 03:05
79
Улаанбаатар-Делигийн чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой эсэхэд анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Энэтхэгийн нөхөрсөг, ойр дотно харилцаа цаашид ч урт хугацаанд үргэжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр:

-Монгол Улс санхүүгийн хувьд  хямралтай байгаа ч, манай Засгийн газар улс орныхоо   ирээдүйн хөгжлийг харсан, урт хугацааны тогтвортой эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.  Уул уурхайн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай  түүхий эдээ түүхийгээр нь гадагш зөөдөг өнөөдрийн урсгалыг тодорхой хэмжээнд хумьж, дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх нь манай улсын эдийн засагт их хэрэгтэй. Тийм учраас боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Энэтэхэг улстай хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ онцоллоо.

Суреш Бабу Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй бөгөөд Монгол Улсад парламентын сонгууль нь шударга болж, ард түмний сонголтын үр дүнд тайван замаар засгийн эрх шилждэгийг нүдээр харж Монголын ардчиллаар бахархснаа дурдлаа. 

 

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр хоёр талын тохирсон зарим асуудал, тухайлбал, Улаанбаатарт мэдээлэл технологийн төв байгуулах, Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Энэтхэгт сурах Монгол оюутны тоог тогтоосон хэмжээнд нь хүргэж сургах зэрэгт анхаарлаа хандуулахыг Элчин сайд хүслээ. Уулзалтын төгсгөлд, Элчин сайд, Монгол, Энэтхэгийн худалдааны эргэлт 15-20 сая ам.доллар байгаа нь хангалтгүй байна, хоёр улсын бизнесийнхний уулзалтыг тогтмолжуулах, иргэд харилцан зорчих зорилгоор Улаанбаатар-Дели-гийн чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой эсэхэд анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.