m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.06 06:50
39
Таны амьдралд хэрэг болох 10 хөдөлгөөн

Өдөр бүр доорх 10 дасгалыг амьдралдаа хэрэгжүүлснээр таны эрүүл мэндэд бага ч гэсэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна

Өглөө босоод эвшээлгэх:

Өглөө сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгаа авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ.Дараа нь амаа ангайн эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана.Энэ дасгалыг өглөө бүр 10-15 удаа хийснээр уушигны үйл ажиллагаа сайжирч, зүрхний цусан хангамж нэмэгдэнэ.Мөн цээж багтрах, бөгшүүлэн ханиалгахаас хамгаална.

Үе мөчний дасгал:

Гараа алдалж, хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ.Гараа ташаандаа авч мөрөө хойш угагш хөдөлгөнө.Энэ байдлаас бүсэлхийгээр урагш, хойш, баруун, зүүн тийш хазайлгана.Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш, хажуу тийш болгох хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Нүдний дасгал:

Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв, буруу,дараа нь дээш, доош аажуухан эргэлдүүлнэ.Үүний дараа нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ.Тус бүрийг арван удаа хийх нь тохиромжтой.Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх зэргээс сэргийлж чадна.

Хэвлийн булчингийн дасгал:

Биеэ суллаж, оюун санаагаа төвлөрүүлж, хамраараа амьсгал авч, бага хэвлийн буюу хүйснээс дооших булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунд болсны дараа амьсгалаа гаргаад биеэ суллана.

Хэвлийн иллэг:

Гарын алгаа хооронд нь үрж, бүлээцүүлсний эцэст хүйсийг нар зөв тойруулан иллэг хийнэ. Дараа нь нар буруу илнэ.Аль алийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлэхээс гадна өтгөн хатах, гүйлгэх нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.

Цээжний иллэг:

Цээжээ илэх, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт 10-15 удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулж, цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурахаас сэргийлнэ.

Нурууны иллэг:

Нурууг цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг өдөр бүр 20-30 удаа илснээр хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хуучаас сэргийлнэ.

Хөлийн улны иллэг:

Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж, бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10-25 удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулж, элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулна. Мөн толгой эргэх, чих шуугих, нойр алдах, цусны даралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

Нүүрний иллэг:

Хоёр алгаа хооронд нь халуу дүүгтэл үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш нь 10 удаа зугуухан илнэ.Өдөрт хоёроос доошгүй иллэг хийснээр нүүрний цусны эргэлт сайжран, арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлнэ. Мөн тогтсон бага зэргийн үрчлээг арилгана.Ханиад томуу тусах, нүднээс нулимас гоожих, толгой, шүд өвдөх, хамар битүүрэхээс сэргийлнэ.