m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 07:18
41
Өвөлжилтийн бэлтгэл ажил аймгийн хэмжээнд 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг орон нутгийн болон хэлтэс, агентлагийн  удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр /2016.09.12/ боллоо. Хурлаар энэ өвөл асуудал тарьж мэдэх газруудаа нээлттэй хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад болон боловсрол, эрүүл мэнд, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, үүрэг чиглэлийг өгч ажилласан байна.

Хурлаар сумдын удирдлагууд мөн өвөлжилтийн бэлтгэл ажил сумдад хэрхэн өрнөж байгааг мэдээллэсэн юм. сумдад үйл ажиллагаа явуулдаг, “Мөнхийн илч” ХХК, “Орхон дэлгэр” ХХК зэрэг компаниудын өрлөг дулаалга, шугам сүлжээний засварын ажлууд хэвийн явагдаж байна. Харин Шарын гол сумыг дулаанаар хангадаг “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн зуух галлахад бэлэн болсон хэдий ч зайлшгүй хийх дөрвөн засварын ажил байна. Тодруулбал, ремень солих, сүлжээний насос авах, хүйтэн усны төв шугам хэсэгчлэн солих, зуухны оролтын автомат солих зэрэг ажлууд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан хойшлоод байгаа юм. Тус сумын өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай явагдаж байна.

Дархан сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байгаа бөгөөд ААНБ-иудад төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгэх, дулаанаа цаг тухайд нь авах албан даалгаврыг өгч ажиллаж байгаа ажээ. Өвлийн улиралд эн тэргүүнд тавигддаг асуудлуудын нэг нь нүүрс, түлш байдаг. Дархан сумын нийт өрхийн 55 хувь нь гэр хороололд оршин суудаг учир чанартай, хямд нүүрсээр хангахын тулд “Шарын  гол” ХК-тай гэрээ хэлэлцээрийг хийж байна. Энэ хүрээнд тус компани 40 цэгээр нэг кг-ийг 4000 төгрөгөөс доош үнээр борлуулахаас гадна 15 дугаар багт зөвхөн Эко түлшийг өрхүүдэд хэрэглүүлэх зэрэг арга  хэмжээнүүдийг аваад байгаа тухай Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал мэдээллэв.

Шуурхай хурлаар инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн юм.  Тухайлбал, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 85.6 хувьтай байгаа бол их засварын ажил 98 хувьтай явагдаж байна. ААНБ-тай гэрээ байгуулах, төлбөр тооцоо барагдуулах ажлууд хийгдэж байгаа хэдий ч гүйцэтгэлийн хувь маш хангалтгүй байгаа тухай тус байгууллагын ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ мэдээллэж байлаа. Жишээ дурьдахад: өнөөдрийн байдлаар дээрх байгууллагад нийтийн орон сууцны айл, өрхүүд  1.6  тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулах тооцоо гарсан байна. Мөн өрхүүдээс шалтгаалсан шугам, сүлжээний засварын ажлууд хүндрэлтэй байгааг иргэдэд анхааруулж байлаа.

Өвөлжилт ойртох тусам мал аж ахуй, газар тариалангийн салбар анхаарал татдаг. 2016-2017 оны өвөл манай аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 650 мянга гаруй мал өвөлжинө. Иймд 63 мянган тн байгалийн хадлан, 30 мянган тн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ хүрээнд хадлан хураалт 20.9 хувьтай үргэлжилж байна.

Түүнчлэн энэ намрын ургац хураалтын ажил өрнөж байна. Аймгийн хэмжээнд 11.8 мянган тн ургац хураан авах боломжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Харин ургац хураах хүн, хүчний хувьд дутагдалтай байгаа бөгөөд Их, дээд сургуулиудын 600 гаруй оюутан залуусыг дайчлахаар болоод байгаа аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй мэдээллэж байв. 

Ийнхүү энэ удаагийн өргөтгөсөн шуурхай хурлаар цаг үеийн анхаарал татсан асуудлууд болон Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд салбар бүрд хэрэгжиж буй ажлуудаа хэлэлцэн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангахыг аймгийн Засаг дарга С.Насанбат холбогдох албаныханд үүрэг болголоо.