m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 08:59
49
Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбал даргын нэрэмжит музей байгуулна

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Нээлтэд ойг тэмдэглэн удирдан зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, хүү Ц.Зориг, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол Ю.Цэдэнбал дарга. Иймээс Монголын төр, засаг гүн хүндэтгэл үзүүлж ойг нь тэмдэглэж байна. Төрийн тэргүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар,  төр, цэргийн түүхэн дэх маршалын нэг бол Ю.Цэдэнбал. XX зуунд Монгол Улсыг хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон. Үзэсгэлэнгийн нээлтээр Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Энэ оныг дуустал алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Нэрэмжит музейг нь Монголын үндэсний музейд байгуулахаар болсон” гэв.

 

1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын үндэсний музейн сан хөмрөгт шилжиж ирсэн 700 гаруй эд өлгийн зүйлээс 150 гаруйг нь үзэсгэлэнгийн танхимд байрлуулжээ. Мөн Монголбанкинд хадгалагдаж байгаа БНМАУ-ын баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн баатарын “Алтан соёмбо”, маршал сэлэм зэргийг анх удаа  нийтэд толилуулж байна.

          

Мөн өдөр доктор, профессор Ц.Жамбалсүрэнгийн“Монгол цэргийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч  Д.Төрбатын туурвисан  “Маршалын нууц товчоон” номын нээлт Тусгаар тогтнолын ордонд боллоо.

“Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэрт Ю.Цэдэнбалын төрж мэндэлснээс цэл залуу 25 нас хүртэлх бодит түүхийг өгүүлсэн бол “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” номонд цэргийн зүтгэлтэн гэдэг талыг нь тодотгожээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.