НИТХ-ын ээлжит II хуралдаан Хангарьд ордонд болж байна. НИТХ- ын хурлын дарга Ц. Сандуй хуралдаанаар хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцуулсан. Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь бодлогын 7 хороо, 11 дэд хороотой ажиллана.
Хуралдааны эхэнд НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Төлөөлөгч нарт танилцуулсан байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хурлын хороод, дэд хороод түүний эрхлэх асуудал бүрэлдэхүүнийг батлах тухай, Хороодын дарга, дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нэмэлтээр МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг өөрсдийн хүсэлтийн дагуу чөлөөлж шинээр хоёр төлөөлөгчийг нэмж оруулж хэлэлцүүлж өгөхийг хүссэний дагуу нийтдээ гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийт төлөөлөгчдийн 80,5 хувийн саналаар долоон хороо, 11 дэд хороотой, хурлын хороод дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталлаа.
“Аз жаргалтай хот” хорооны даргаар Р.Дагва
Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар С.Мөнхчулуун
Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхжаргал
Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар С.Амарсайхан
Байгаль орчин, экологийн хорооны даргаар Л.Нарантуяа
Гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Т.Батцогт
Өргөдлийн хорооны даргаар Б.Сүхбаатар нарын тус тус ажиллуулахаар боллоо.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн саналын дагуу Тэргүүлэгчээр сонгогдсон Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг Тэргүүлэгчээр сонголоо. Хуралдаан үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.