m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 01:59
119
Олны танил бүсгүйчүүд мөрөөдлөө хуваалцлаа

Өргөө кино театрын хамт олон долоо хоног бүрийн баасан гаригт “Оддын өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа IMAX-Urgoo кинотеатрын хамт олон олны танил бүсгүйчүүдтэй үзэгчдээ уулзуулж, ажил, амжилтынх нь түхээс хуваалцсан юм. Энэ удаагийн зочноор салбар бүртээ танигдсан, бүсгүйчүүд оролцлоо. МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа, МУСТА уртын дуучин Д.Үүрийнтуяа, Топ модель С.Төгсөө, “Төгс” make up artist студийн гүйцэтгэх захирал Д.Төгөлдөр нар хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээний өмнө Д.Төгөлдөр ирсэн охид, бүсгүйчүүддээ зөвлөгөө өгч, өдөр тутмын будалтыг хэрхэн хийх, тэрхүү будалтаа яаж гоёлынх болгохыг үзүүлж, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, будгаа ямар дараалалтай хийх талаар танилцуулсан. Харин МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа, МУСТА уртын дуучин Д.Үүрийнтуяа, Топ модель С.Төгсөө нар бүсгүйчүүдтэй чин сэтгэлийн ярилцлага хийсэн юм. Бүсгүйчүүд тэднээс хүүхэд насны дурсамж, зөв хооллолтын дэглэм барьдаг эсэх, яагаад ийм салбарт ажиллах болсон, хэн нэгэн таныг хөтөлсөн үү гэх мэт олон асуулт асуусан. Тэр дундаас таны мөрөөдөл юу вэ, энэ ажлыг хийгээгүй бол өөр ямар зүйл хийх байсан бол гэсэн асуултад олны танил бүсгүйчүүд маань хэрхэн хариулсныг хүргэе.

 

МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа- Би олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Сэтгүүл зүйн салбар луу ороогүй бол мэргэжлээрээ ажиллах байсан байх. Энэ дашрамд Монголын телевизийн салбарт тодоос тод мөрөө үлдээсэн, гайхалтай сайхан хамт олонтой ажиллаж байгаагаараа бахархаж, талархаж явдгаа хэлмээр байна.Мөрөөдөл бол гоё шүү. Би аялах их дуртай. Дэлхийг тойрч үзээгүй зүйлээ үзэж, гайхалтай мэдрэмж авахыг хүсч байна.

 

Топ модель С.Төгсөө-Яг үнэнийг хэлэхэд би загвар өмсөгч болно гэж огт бодоогүй явсан. Санаандгүй явж байгаад гүйгээд орсон гэж хэлж болно. Харин одоо бол энэ ажлаа хийж байгаадаа сэтгэл өөдрөг сайхан байдаг. Дэлхийн бусад оронд тухайн орны загвар өмсөгчийн стандарт гэж байдаг. Би монгол стандартыг тогтоож, загварын өвөрмөц агентлаг байгуулахыг мөрөөддөг. Загвар өмсөгч болоогүй бол аль салбарт ажиллах байсан бэ гэж асуулаа. Би өөрийгөө тэс өөр салбарт ажиллана гэж огт бодохгүй байна. Загварын ертөнцийн аль нэг салбарт л ажиллаж байх байсан болов уу.

 

СТА, уртын дуучин Д.Үүрийнтуяа-Би дуучин л байх байсан. Багаасаа эхлээд өвөөтэйгөө дуутай хууртай Дундговийнхоо найр наадмаар явсаар сэтгэл зүрхээрээ дуунд дурласан. Миний мөрөөдөл их гоё. Би уртын дуучин ч дэлхийд од болон гялалзаж байгаа дуучдын дууг сонсдог. Монгол өв соёл ардын урлагаа хоршуулж, дэлхийд ододтой хамт сайхан уран бүтээл хийхсэн гэсэн мөрөөдөлтэй явдаг.
Арга хэмжээнд оролцсон охид, бүсгүйчүүдээс зочид маань нэг хүнийг онцлон сэтгэлийн үгтэй мэндчилгээ өгч, хамтдаа зургаа авахуулсан юм.