m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.08 07:18
127
Холливиуд Амараагийн “Итгэл” IMAX-Өргөөд нээлтээ хийлээ

Долоо хоног бүрийн баасан гараг бүр Өргөө кинотеатрын хамт олон энтертайнмэнт арга хэмжээ зохион байгуулснаар үйл явдал өрнөж, олны хөлд дарагддаг. Энэ удаа Холливиудын өндөр босгыг давж, Монголын уран бүтээлчдийн дүр мөнхрөх замын анхлагч СТА, жүжигчин Б.Амарсайханы гол дүрийг нь бүтээсэн “Итгэл” киноны нээлт боллоо. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд түүний эхнэр С.Уран ерөнхий продьюсерээр ажиллаж, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, гол дүрд нь Б. Амарсайхан Б. Тэмүүлэн М. Мягмар С. Батзориг Ц. Төмөрхуяг нар тогложээ. 

Анхны уран бүтээлдээ ажилласан С.Урангаас шинэ уран бүтээлийнх нь талаар тодруулахад “Анхны уран бүтээлд хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Уран бүтээлийнхээ талаар товч танилцуулъя. Жирийн нэгэн албан хаагч залуу Итгэл нэг л өдөр гэнэтийн том амжилтанд хүрч, сайдын багийн хүн болон түүний гарын үсэг олон хүний амьдралыг шийдэх болно. Өндөр албан тушаалд очсон ч найз Анхбаярынхаа хамгийн чухал ажлыг бүтээж чадалгүй сэтгэлээр унаж явахдаа эдгэшгүй өвчин туссан болохоо мэднэ. Хүнд байдалд орсон залуу үхэл амьдралын заагт хэрхэн тэмцэж хүн байхын учир утгыг амьдралаараа харуулдаг. Ямар тайлал, төгсгөл хүлээж буйг киноноос үзээрэй” гэв.

Киноны нээлтийн арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл, тэргүүлэгч хүмүүс хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэн, анхны үзэгч боллоо. Сэтгэл гэгэлзүүлсэн, төгсгөл хүртлээ тайлагдашгүй оньсого мэт хөврөх “Итгэл” ийнхүү олны хүртээл боллоо.