m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.10 02:34
96
УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2016.10.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.

Энэхүү өдөрлөгт УИХ-ын Тамгын газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, "Орчлон" дунд сургууль зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, таван төрлийн 500 гаруй мод тарив.

975 га талбай бүхий Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 10 мянга гаруй мод буттай болсон бөгөөд тэдгээрийн ургалт нь 90 гаруй хувьтай байгаа ажээ.

Мод тарих ажиллагаа дууссаны дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жил, Ялалтын 70 жилийн ойд зориулсан УИХ-ын гишүүдийн байгуулсан төгөл"-ийг эргэж, арчилж тордлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.