m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.14 08:29
52
Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын багт Монголын бизнесийн 40 гаруй төлөөлөгч багтаж байгаа аж.

Айчлалын үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн Цагаан чулуут” консорциум “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх санамж бичигт гарын үзэг зураад байна. “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ. Мөн Монгол нүүрсийг гуравдагч зах зээлд урт хугацаанд нийлүүлэх, экспортын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох гол зорилготой юм байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ санамж бичиг зурагдсанаар Монголын Тавантолгойн нүүрс Япон, Солонгос гэх мэт далайн чанадын гуравдагч зах зээлд хүрэх боломжууд нээгдэж байна гэж албаныхан тодотгож байна.