m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.25 09:20
260
Элсэн дээрх бичиг \сургамжит өгүүллэг\

Холыг зорьсон хоёр найз аян замдаа төөрч, унаа хөсгөө алдан, эзгүй цөлд хоцорчээ. Зүг чиггүй яваад л байж, яваад л байж. Эцэстээ хамаг ус нь дуусч, ядаж эхлээд гол, горхи олохын мөрөөсөл болов. Замдаа тэд ялихгүй зүйлээс болон маргалдахад нэг нь тэвчээр алдаад, нөгөөгөө алгадаж орхижээ. Гэвч алгадуулсан найз нь юу ч дуугарсангүй. Харин элсэн дээр “Өнөөдөр миний найз намайг алгадлаа” хэмээн томоор бичиж үлдээгээд, цааш алхжээ. Дахиад хоёр алхав. Найзууд маш их ядарч байв. Гэвч гомдсон найз нь ганц ч үг дугараагүй тул, цаадах нь зүрхэлж ам нээсэнгүй. Нэгэн үдэш шуурга ирж явааг түргэн ууртай найз нь түрүүлж мэдээд, ам нээх шалтаг болгон найздаа дуулгасан боловч цаадах нь юу ч хэлсэнгүй гэнэ. Тэгээд ойролцоох жижигхэн бул чулууны нөмөрт хэвтэж, амь гарахыг гуйсан боловч тоосон шинжгүй холхон гудсаа тавиад хэвтээд өгчээ. Галзуу улаан шуурга тэдний төсөөлснөөс ч хүчтэйгээр нөмөрлөө.

Энэ үед ууртай найз руугаа гүйн очиж, өөрийнхөө хөнжлийг нөмөргөн дарж хэвтсээр шуургыг өнгөрүүлжээ. Тэдний замд ан амьтан үхэж, ургамал модод олноороо булгарсан байх нь тэр. Ийм аюулаас эсэн мэнд гарсан хоёр найз сая нэг хэл орж, инээх аядан гар барив. Замд нь том гэгчийн элгэн хад таарахад мөнөөх найз нь ирж, “Өнөөдөр миний найз намайг аварлаа” хэмээн сийлжээ. Тэд дахин хоёр хоног явсны дараа жингийн цуваа, улмаар отог хүмүүсийн бараа харав. Тэнд хүрч, унд устай золгон амь гарчээ.

Азаар сайхан сэтгэлт хүмүүс тохиож, найзуудад зам чигийг нь зааж өгсөн байна. Тэнд хоноод маргааш нь цааш явах болоход түргэн ууртай найз нь “Чи энэ хүмүүс бидэнд унд, хоол өглөө ... гэж тэмдэглэлээ хөтлөхгүй юм уу “ хэмээн дооглонгуй асуухад найз нь инээмсэглэж  “Би тэмдэглэл хөтлөөгүй юм аа” гэв. “Тэгвэл намайг алгадахад элсэн дээр бичсэн хэрнээ, амийг чинь аврахад юунд чулуун дээр сийлэв?” хэмээн гайхан асуухад найз нь “Сэтгэлд таагүй дурсамж үлдээсэн зүйлсийг бид мартах, уучлахын ухаанаар хүлээн авч, орхих хэрэгтэй. Яг л элсийг салхи илбэн байж тухайн бичээсийг арилгахтай адил. Харин сэтгэлд үүрд үлдэх үнэт дурсамжийг хэзээ ч марталгүй дурсаж явах нь зүйтэй. Яг л чулуун дээрх  бичээс хэдэн мянган жилийн дараа ч торойн харагддаг шиг...” гэж хариулсан гэдэг.