m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.06 06:07
256
"Сахиулсан тэнгэр” кино IMAX-т нээлтээ хийлээ

Өргөө кинотеатрын хамт олон долоо хоногийн баасан гараг бүр үзэгчдийн хүсэлтээр одод, олны танил эрхмүүдийг үзэгчидтэй уулзуулж, шинээр мэндэлсэн киног үзэгч олондоо танилцуулдаг уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад 
"Сахиулсан тэнгэр” хэмээх содон нэртэй нэгэн дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

“Сахиулсан тэнгэр” адал явдалт уран сайхны кино нь залуусын хайр дурлалын адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлсэн билээ. 
Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, Цагаан буга фильм продакшнд бүтээжээ. Харин киноны гол дүрийг залуу жүжигчин Ш.Энхжаргал, Б.Золжаргал нар бүтээсэн байна. 


“Сахиулсан тэнгэр” киноны гүйцэтгэх продюсер, эрэгтэй гол дүрийн жүжигчин Ш.Энхжаргалаас шинэ уран бүтээлийнх нь талаар тодрууллаа. 


-Анхны уран бүтээлээ үзэгч олонд хүргэхэд бэлэн боллоо. Шинэ уран бүтээлийнхээ талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би мэргэжлийн жүжигчин биш. Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Гэхдээ дэлгэцийн уран бүтээлүүдэд орлон тоглогчоор ажиллаж байгаад экшн төрлийн кино хийх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ингээд санасан зорьсон бүхнээ ажил хэрэг болгож, анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Ер нь кино хийнэ гэдэг бол кино урлагт хайртай, дуртай хүн бүрийн хийгээд байх зүйл биш юм байна аа. Гэхдээ маш сайн баг хамт олныг бүрдүүлж, тэдний нөр их хөдөлмөрийн үр дүнд киногоо амжилттай хийж дуусгалаа. 
-Кинондоо ямар үнэлгээ өгөх вэ?
-Анхны юм бүхэн төгс болдоггүй. Гэхдээ би киноогоо 80 хувьд хүрэхүйц сайн уран бүтээл болсон гэж хэлж чадна. Учир нь анх бодож төлөвлөж байсан бүх санаагаа кинондоо шингээж чадсан. Тухайлбал, манай киноны тулаантай хэсгүүд нь маш хүнд групптэй байсан. Харин би өмнө нь орлон тоглогчоор ажиллаж байсан болохоор киноныхоо хүнд зураг авалттай хэсгийг өөрөө бодитоор хийж гүйцэтгэсэн. 
-Сахиулсан тэнгэр” гэдэг нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ? 
- Хүмүүс Сахиусан тэнгэр биш юмуу, яагаад Сахиулсан тэнгэр гэж нэрлэсэн юм бэ гэж их асуудаг. “Сахиулсан тэнгэр” гэдэг нь бие хамгаалагч гэсэн утгатай. Монгол хүн бүр өөрийгөө хамгаалах сахиустай, тэр нь биднийг үргэлж хамгаалж байдаг. Мөн биднийг дээд тэнгэр мөнхөд харж ивээж байдаг шүү дээ. Тиймээс энэ хоёрыг нэгтгээд “Сахиулсан тэнгэр” гэж нэрлэх болсон.

Гол дүрийн жүжигчин Б.Золжаргал нь мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ “Хойморт өнжих нар”, “Замбуулин дуусах болоогүй” зэрэг телевизийн олон ангит киноны гол дүрд тоглож байсан туршлагатай. Харин энэ удаагийн бүтээл нь нэг ангит кино гэдгээрээ онцлогтой юм. Ингээд түүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар тодруулснаа хүргэе. 


-“Сахиулсан тэнгэр” киноны гол дүрийг бүтээлээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-“Сахиулсан тэнгэр” кинонд Ооноо хэмээх ааштай, адтай, бааштай охины дүрийг бүтээлээ. Анх зохиолоо уншаад энэ дүрийг бүтээж чадахгүй юм шиг санагдаж байсан. Учир нь Ооноо бол надаас тэс өөр ааш араншинтай охин. Харин найруулагч СТА Д.Бямбацогт ах маань надад маш их урам өгч, өөрийгөө эвдсэн шинэ дүрд тоглох хэрэгтэй гэж зөвлөсний үндсэн дээр энэ дүр дээр ажилалаа. Сэтгэл маш өндөр байна. 
-Нэг ангит кинонд анх удаа тоглож байна. Бэрхшээтэй зүйл хэр байв аа?
-Ооноо гэдэг хүний дүрийг бүтээхэд сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй зүйл олон байлаа. Тухайлбал, би усанд сэлж чаддаггүй хүн шүү дээ. Гэтэл дүрээ гаргаж ирэхийн тулд маш гүнзгий голын хүйтэн усанд орох, өндөр байшингийн дээврээс үсрэх зэргээр зоригтой бөгөөд амь өрссөн үйлдлүүдийг хийж үзлээ. Энэ бүгдэд надад тусалж, дэмжиж байсан киноны хамт олондоо маш их баярлалаа.

Мөн энэ ням гарагт Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ бүтээл “Нүдээ аниад төсөөл” кино IMAX Өргөө-3 кинотеатрт нээлтээ хийх юм байна.