m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.08 06:44
76
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулэ: Хүнээ эрүүл байлгая гэвэл малаа эрүүлжүүлэх хэрэгтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа.

-Орон нутагт, тэр дундаа гоц халдварт өвчин гарсан бүсүүдэд та саяхан ажиллаад иржээ. Ямар арга хэмжээ авав?

-Засгийн газрын 100 хоногийн бараг 50-д нь хөдөө, зургаан өдөр нь ОХУ-ын новосибирск хотод ажиллалаа. 2008-2012 онд би Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд байсан.

Тухайн үед хоёр дэд сайдтай, би мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хариуцаж байсны хувьд атрын III аян, “Монгол мал” хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг гардан хэрэгжүүлсэн юм. Дөрвөн жилийн дараа ирэхэд мал эмнэлгийн тогтолцоог төр өөрийн мэдэлд авч, шинэчлэх цаг болжээ. Өнгөрсөн засгийн газрын ажлыг үгүйсгэхгүй. Гэхдээ малыг эрүүлжүүлэх ажил зогсож, цаг хугацаанд нь вакцинжуулаагүй, гоц халдварт өвчин гарахад шуурхай арга хэмжээ аваагүй зэрэг олон зөрчил үүссэн байна. Үүний уршгаар малын гоц халдварт өвчин нэлээд газар авчихаж. Монгол улсын эдийн засгийн тулгуур нь мал аж ахуй. Мал эрүүл байж хүн эрүүл байх учраас хөдөө аж ахуйн салбарын нэн тэргүүний асуудал нь малыг эрүүлжүүлэх юм гэсэн зарчим баримталж буй. Бидэнд баялаг бий, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах гол хөшүүрэг нь малаа эрүүлжүүлэх явдал. Цаашлаад малаа мах, сүүний чиглэлээр үржүүлбэл уул уурхайгаас дутахгүй өгөөжтэй.
Манай хонь, үхрийн биеийн жин бусад орны малаас бага байдаг учраас олон улсын жишгийн дагуу мах, сүүний чиглэлийн мал үржүүлж байж л дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болно. Саяхан шүлхий, цэцэг, мялзан зэрэг гоц халдварт өвчин дэгдлээ. Шүлхий, мялзан өвч¬нийг дарахын тулд засгийн газраас 13.2 тэрбум төгрөг гарган, улсын онцгой комисс шуурхай ажлын бүлэг томилж, халдварын голомттой аймаг, сум руу явуулсан. Миний хувьд дорноговь, дундговь, төв, говьсүмбэр аймагт ажиллан, хорио цээрийн дэглэмийг чангатгах зэрэг арга хэмжээ авлаа. Эдгээр ажлын үр дүнд шүлхий өвчний тархац бүрэн намжаад байна.

 

-Бог малын мялзан төст өвчин дэгдээд буй баруун аймгуудад нөхцөл байдал ямар байна вэ?

-Баруун аймгуудад, тэр дундаа Ховд аймгийн 17 сумын 13-т нь дэгдсэн уг өвчин өмнө нь манай оронд гарч байгаагүй, вакцин нь хүртэл эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Шуурхай бүлэг газар дээр нь хоёр удаа очиж, эхний удаа 10, дараа нь 14 хоног ажиллалаа. Хоёр дахиа явахдаа улсын онцгой комиссоос ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, МЭҮГ-ын төлөөллөөс гадна малын 200 орчим эмч дайчилсан. Үр дүнд нь баруун таван аймагт мялзангийн вакциныг бүрэн хийж дуусгалаа. Өвчний шинж тэмдэг дахиж илрээгүй. Вакцин тарьснаас хойш 21 хоногт өвчний шинж тэмдэг илрээгүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах ёстой. Шүлхий, мялзан өвчнийг ийн бүрэн зогсоолоо гэж хэлж болно. Өдгөө зүүн аймгуудад цэцэг өвчин мэр сэр гарч байна.
Орон нутагт ажиллахдаа малчдын хариуцлагын асуудлыг цаашид ул суурьтай ярих хэрэгтэйг анзаарлаа. Мал өвдвөл төрийнх, ашиг шимийг нь хүртвэл малчных болдог жишгийг өөрчлөх цаг болжээ. Вакцинжуулаагүй мал өвчилбөл төр нөхөн төлбөр олгохгүй байх зарчмыг цаашид хатуу баримтална. Уг нь дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу устгасан малын зах зээлийн ханшийг тооцон, 90 хувийг нь малчдад буцаан өгдөг. Халдварт өвчин тархахад малчдын хариуцлагагүй байдал нө-лөөлж байхад төр заавал 90 хувийг нь төлөх шаардлагагүй. Цаашид малчдын хариуцлагын асуудлыг тусгайлан авч үзээд, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй.

 

-Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход малын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар хангалттай байна уу?

-Агаар дуслын замаар, малаас малд халддаг өвчнүүд манай оронд их дэгдэж байна. Хилийн чанадаас янз бүрийн халдварт өвчин хаалга тогшиж буй учир малчид, төрийн албан хаагчид, мал эмнэлгийнхэн ч зөв бодлого чиглэлээр ажиллах ёстой. Үүний тулд малын эмч нарыг сургахад анхаарч, гадаад, дотоодын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр бэлтгэх хэрэгтэй. Мялзан төст өвчин урьд нь гарч байгаагүй учраас манай боловсон хүчнүүд бэлэн биш байсан. Хил дамнасан өөр ямар ч өвчин орж ирэхийг бид тааж мэдэхгүй учир боловсон хүчнээ л сайн бэлтгэх шаардлагатай.
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр баталж, 2008-2012 онд малчид, мал руу чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сум бүрт нэг “фургон” машин өгч, гурван хүний орон тоотой мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулсан. Гэтэл “фургон”-ууд нь здтг-ын дайчилгааны тэрэг болчихсон, улс төрийн шалтгаанаар мэргэжлийн бус хүмүүсийг энэ тасагт томилчихсон байна. Ийм задгай болсон учраас гоц халдварт өвчин гараад байгаа юм. Мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн, малыг ээмэгжүүлж, бүртгэлжүүлэх ажил ч зогсчээ. Малын гарал үүслийг нь мэдэхийн тулд тэмдэг зайлшгүй хэрэгтэй.

 

-Мал эмнэлгийг төрийн мэдэлд авахад хэр их хугацаа, хөрөнгө шаардлагатай вэ. Ажлаа хэзээнээс эхлэх вэ?

-Манай яамны хамгийн түрүүнд хийх ажил бол мал эмнэлгийг улсынх болгох. Шинэ засгийн газар бүрдсэнээс эхлээд бид энэ талаар ярьсан. Одоогоор судалгааны шатанд байна. Удахгүй эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Мэдээж хөрөнгө шаардагдана. Гэхдээ хэдий хүртэл болгоомжлоод суух вэ. Төр богино хугацаанд зоригтой алхам хийх хэрэгтэй. Хоёр дахь том ажил нь өдгөө БСШУСЯ-нд харьяалагдаж буй хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагуудыг салбарын яаманд харьяалуулах. Энэ бол дэлхийн жишиг. Шинжлэх ухааны байгууллагууд салбарын яамны дэргэд байснаар вакцинаа дотооддоо үйлдвэрлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд илүү хялбар болно. Тэр байтугай өндөр хөгжилтэй оронд хөдөө аж ахуйн их сургууль нь ч салбарын яамны харьяанд байдаг юм билээ.

 

-Малыг нь л эрүүлжүүлчихвэл малчдад урамшуулал өгөх шаардлагагүй юм биш үү?

-Монголын төрд мөнгө илүүдсэн учраас урамшуулал олгож буй хэрэг биш. Малчдыг дэмжих, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг чанаржуулах менежмент гэж ойлгох хэрэгтэй. Малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд 2008-2012 онд бид энэ ажлыг санаачилж байлаа. Төр, засаг мөнгөтэй бол сүүний урамшуулал ч өгөх шаардлагатай. Монголчууд 60 сая малтай хэрнээ хуурай сүү импортолдог. Үүний оронд дотооддоо хуурай сүүний үйлдвэрүүд байгуулж болно. Урамшуулал өгөөд байвал малчид аяндаа мах, сүүний чиглэлийн мал үржүүлж эхэлнэ. Цаашид чанараар нь ангилж урамшуулдаг болчихвол малчид малаа эрүүлжүүлэх үндэс суурь тавигдах юм.

 

-Малын халдварт өвчин зориуд тарааж, вакцин оруулж ирдэг бизнесийн талаар хэвлэлээр нэлээд гарсан. Үүнийг шалгаж, тодруулж байна уу?

-Өвчин тарааж, вакцин шахдаг гэдэгт итгэхгүй байна. Мялзангийн вакцины тендерт орох төрийн албан хаагч олдсонгүй. Тендерт орохоор хууль хяналтын байгууллагуудын зүгээс байнга шалгаж, хянадаг учраас залхсан байна. Үүнээс болоод хугацаа алдсан тохиолдол бий. Хариуцлага алдсан бол хуулийн байгууллага шалгаж, хяналгүй яах вэ. Гэхдээ төрийн албан хаагчид айдасгүй, тайван ажиллах нөхцөл бүрдүүлэх ёстой. 
Мэргэжлийн хүмүүс халдварын голомттой бүсээс 360 хуц, ухна авч, эрүүл бүсийн ард иргэдэд зарсан хэрэг говь-алтай аймагт гарлаа. Энэ нь малын халдварт өвчин тараах гол эх үүсвэр болж байна. Мэргэжлийн хүмүүс мэдсээр байж ийм үйлдэл хийсэн. Хууль бус уг үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж буй. Ийм үйлдэл зүүн аймгуудад ч гарсан гэсэн яриа бий. Үүнийг ч шалгаж тодруулна. 

 

-Салбарын дэд сайдын хувьд газар тариалангийн салбарт хэрхэн анхаарах вэ?

-2008-2012 онд хийж байсан ажлуудаа үргэлжүүлнэ. Атрын III аян бидний үед өрнөж, үр шимээ өгсөн. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилд газар тариалангийн салбар зогсонги байдалд оржээ. Энэ жил манайх арвин ургац авч, дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортлох хэмжээнд хүрсэн. Удахгүй ургацын баяраа хийнэ. Энэ онд улсын хэмжээнд 377.200 га-д үр тариа, үүнээс 355.300 га талбайд буудай тарьсан. Мөн төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800, тэжээл 28.000, эмийн ургамал 4200 га буюу нийт 495.900 га талбайд тариалалт хийсэн. Ингээд 501.000 тонн үр тариа, үүнээс улаан буудай 482.100, төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500, тэжээл 43.400 тонныг тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. Бид эрүүл хөрсөнд ургасан ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахын төлөө ажиллах ёстой. Үүний тулд ногоочдод ч урамшуулал олгох хэрэгтэй. Энэ бол маш чухал ажил. Төр мөнгө харамлахгүйгээр мал аж ахуй, газар тариаланг дэмжвэл эдийн засгийн байдал богино хугацаанд сайжрах боломжтой.

 

 Эх сурвалж: "Өнөөдөр" сонин