m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 08:30
130
Баянгол, Багахангай дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа. 

Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр хотын дарга тус 2 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа. 

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас батламжаа албан ёсоор гардаж авлаа. Бид Баянгол дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байж, дараа дараагийн асуудлууд  шийдэгдэнэ гэж харж байна. Манай дүүрэг 57 мянган өрхтэй нийслэлийн томоохон дүүрэг. Бид өнгөрсөн он жилүүдэд хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Төрийн ажлын залгамж чанарыг алдалгүй, дэлхийн бусад улс орнуудын нийслэлийн хөгжлөөс үлгэр жишээ авч, Баянгол дүүргээ жишиг дүүрэг болгохоор төлөвлөж байна.” гэлээ.

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Бид 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шинээр томилогдсон Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.