m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 02:00
189
Н.Наранбаатар, Г.Ган-Очир нарын анхны бүтээл олны хүртээл боллоо

Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн “Нүдээ аниад төсөөл” киноны продюсераар Монгол Улсын Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан бол, киноны зохиолч, найруулагчаар Г.Ган-Очир, зураглаачаар А.Ханхүү ажиллажээ. Харин гол дүрыг О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээсэн билээ.

Ингээд киноны зохиолч, найруулагч Г.Ган-Очироос шинэ бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авлаа. Танд баяр хүргэе.

-Сэтгэл өндөр байна. Надад кино зураг аваад, жүжигчидтэйгээ ажиллаж байхад хамгийн их догдлол байдаг. Харин киноны нээлтэнд бол нэг их догдлоод байдаггүй. Нээлтийн үйл ажиллагаанд маань олон хүндтэй зочин ирж байгаад их баяртай байна. Кино маань үзэгчдэд шинэ эхлэл, шинэ үзэмж, шинэ өнгө төрх болоосой гэж хүсч байна.

-“Нүдээ аниад төсөөл” кино Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн гэсэн. Яагаад энэ зохиолыг сонгох болсон юм бэ?

-Оросын энэхүү сонгодог зохиол нь яг одоо, энэ цаг үед үнэхээр хэрэгтэй санагдсан. Амьдралын ямар ч зорилгогүй, утга учиргүй яваа залуус байна. Тэдэнд бүх юм байгаа боловч байхгүй мэт амьдарч, аз жаргал, амьдралын сайхан нь юунд байдгийг мэдрэхгүй яваа залууст асуулт болгон хүргэхээр киногоо бүтээлээ. Уламжлалт арга барил болон хэв шинжит, хуулах, дуурайх арга барилаас зугатаасан.

-Энэ бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-Киноны маань бүх насныханд зориулсан. Ямарваа нэгэн гаж, улс төрийн, нийгмийн хар бараан үзэгдэл гэх мэтийг бүгдийг таягдан хаясан. Ер нь бол би уран бүтээлүүдээ тийм байхыг хүсдэг. Энэ маань ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.. Үүгээр ч би бардам байгаа. Түүнчлэн киноны дуунуудаа ч сонгодог жаазаас, олон үндэстний ардын дуунуудаас, дан хөгжмийн зохиол бичдэг гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлээс оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр худалдан авч ашигласан.

-Киноны гол утга санаа юу байв?

-Бодит амьдрал, төсөөл хоёр маш хол зайтай. Ухамсаргүй төсөөлөл бол хүнийг ямар ч амьдралд хүргэж болно гэдгийг харуулсан.

-Хөдөлгөөний найруулагч гэдэг манайд төдийлөн дэлгэрээгүй шинэ зүйл. Тэр ч утгаараа энэ бүтээл сонин, сонирхолтой санагдаж байна л даа...?

-Жүжигчдээс ур чадвар хэт их шаардсан байх магадлалтай. Яагаад вэ гэвэл өөрсдийнх нь жүжиглэдэг хэв маягаас нь, ертөнцийг үзэх үзлээс нь тэс өөр буюу бясалгалын хэмжээнд аваачиж, асар их зөрчилдөж байж хийгдсэн кино.

Хөдөлгөөний найруулагч гэдэг мэргэжлээр би Монголдоо цор ганц, өөр боловсон хүчин байхгүй. Тиймээс энэ урлагийг би л олонд таниулж хөгжүүлэх ёстой. Тиймдээ ч энэ уран бүтээлээ хийхээр шийдсэн.

МУ-ын Төрийн соёрхолт, найруулагч, Н.Наранбаатарын шинэ уран бүтээл үзэгчдэд хүлээлт үүсгэдэг. Тэгвэл тэрээр энэ удаад “Нүдээ аниад төсөөл” киноны продюсераар ажиллажээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь сэтгэгдлийг нь сонслоо.

-Энэ кино таны анхны продюсераар ажилласан бүтээл байх аа?

-Тийм ээ. Миний хувьд бол анх удаа продюсераар ажиллаж байна. Продюсер гэдэг чинь хөрөнгө санхүүг “босгох”, зураг авах объект гэхчлэн кино зураг авах бүхий л бололцоогоор хангаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн киноныхоо марктинг хийнэ. Ер нь бол энэ бүгд надаас их хол ажил л даа. Гэхдээ яахав хийж үзье, найзынхаа уран бүтээлийг дэмжье. Сайхан гэгээлэг бүтээлийг хүргэе гэсэн тэрхүү бодол санааг нь хэрэгжүүлье гэж бодсон.

-Мэргэжлийн “өвчин” гэж байдаг шүү дээ. Киноны найруулгад таны бодол санаа бас шингэсэн байх?

-Тэгэлгүй яахав. Тийм юм байсан. Би чинь гурван кино хийчихсэн юм гэсэндээ найзынхаа уран бүтээлд бүхий л талаар тусалж дэмжихийг эрмэлзсэн.

Миний баримталдаг үндсэн чанар байгаа юм л даа. Кинонд хувийн илэрхийлэмжийг чухалчлах ёстой. Энэ нь өөрийнх нь бодит амьдралд туулсан үнэнээс улбаатай байх ёстой. Тэр нь найруулагчийн оюун санааны уран сэтгэмж л дээ. Нөгөө талдаа зөн билгийн, зургаа дахь мэдрэхүй, бодлын ертөнц гэдэг юмыг маш сайн кинондоо оруулж өгөх ёстой байдаг. Бодит амьдрал бидний эргэн тойронд байсаар байтал заавал тэрийг дүрсэнд буулгаж хэрэггүй шүү дээ. Уран сайхны кино гэдэг бол ур хийцээс гадна оюун сэтгэлгээний хязгааргүй ертөнцийг үзүүлэх нь чухал гэж би боддог.

-Үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-“Нүдээ аниад төсөөл” кино бол илүү их хөдөлгөөнт, хөгжимлөг, биеийн уян пластик их өндөртэй бүтээл. Энэ кино маань өнөөдрийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг гарцаагүй тодорхойлно. Ингээд “Нүдээ аниад төсөөл, төсөөллийнхөө ертөнцөөр аяла гэж хэлмээр байна аа.