m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.16 03:47
92
Өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай байна

 Энэ өвөл 6.9 сая мал отроор өвөлжинө 

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд дүн тайлан нэгтгэгдэн гарлаа.  
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд    шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгдсэн байна.
Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.8 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг,  аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржих юм.
Энэ онд улсын төсвийн 745.1 сая төгрөгөөр 42, гадаадын төсөл, хөтөлбөрийн 371.3 сая төгрөгөөр 27, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 259 инженерийн хийцтэй худаг,  малчдын санаачлагчаар 354 гар худаг, нийт 682 худаг гаргасан нь 775.2 мянган га бэлчээр, 2.7 мянган малчин өрх, 1.9 сая малын усан хангамжийг нэмэгдүүллээ. 

Энэ онд бодын 1157, богийн 2042 хашаа саравч шинээр барьж, улсын хэмжээнд бодын   57353 хашаа, богийн 125807 хашаа байгаа нь хашааны хангамж 97.1 хувьтай байна.
Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 2 аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарлаа.  
                                         

1.1 сая тонн өвс бэлтгэжээ

Энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллаж малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 35.8 мянган тонн, ногоон тэжээл 22.3 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тонн, гар тэжээл 38.1 мянган тонн, дарш 8.0 мянган тонн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгдлээ.  
Засгийн газрын 322 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тонн өвс, 4.5 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн төвшинд 75.9 хувь, сумдын төвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай  холбон тайлбарлаж байна.