m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.20 11:17
51
Австралийн Засгийн газар арван бичил төсөл санхүүжүүлнэ

2016-2017 оны бичил төслийн хөтөлбөрт шалгарсан арван байгууллагын нэг, Монгол экологийн төвийн төслийн менежер Т.Цэнгүүн “Австралийн Засгийн газрын санхүүжилттэйгээр ”Өсвөрийн байгаль хамгаалагч” төслийг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумын ЕБС-ийн 4-7 дугаар ангийн 200 сурагч манай төсөлд хамрагдаж, байгаль хамгаалах, Хөвсгөл нуурын орчмын байгалийн түүх, геологийн бүтэц, биологийн олон янз байдал, гидрологийн мөчлөг, ой мод, хөрсний бүтэц болон цаг уурын өөрчлөлтийн нөлөө зэргийг сурч судална” гэлээ.

Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Бичил төслийн хөтөлбөр нь бодит үр дүн гаргахад түлхүү анхаарсан, сайн засаглал, хүний эрх болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх төслүүдийг дэмждэг байна.

2016-2017 оны “Бичил төслийн хөтөлбөр”-т шалгарсан байгууллага, төслүүд

1. Харааны бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд зориулан 116 дугаар сургууль дээр Орон зайн баримжааны танхим нээх

Монгол улсад нийт 8,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байна. Тэдний ихэнх нь ажил орлогогүй, амжиргааны баталгаат төвшингөөс доогуур амьдардаг. Австралийн Засгийн газрын Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр 116-р сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ахуйн болон орон зайн баримжааны танхим байгуулна. Энэ танхим байгуулагдсанаар одоо суралцаж буй 120 сурагч ахуй, орон зайн баримжаа олгох хичээлд хамрагдана.

2. Хаягдал цаас ашиглан цаасан урлал хийж, борлуулах сүлжээ бий болгох замаар тэргэнцэртэй иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих нь

Хөдөлгөөний бэрхшээлтэй хэсэг иргэн 2005 онд нэгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь өнөөдөр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо болон өргөжжээ. Тус холбооны 700 гаруй гишүүний тал нь эмэгтэйчүүд байна. Өөрсдөө хөдөлгөөний бэрхшээлтэй эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш оролцоог хангах зорилгоор тус холбооны Эмэгтэйчүүдийн хороо Австралийн Бичил төслийн санхүүжилтээр хаягдал цаас ашиглан гар урлал, сувинер хийх сургалтыг 50 эмэгтэйд явуулна.  Эмэгтэйчүүдийн хорооны гишүүд мөн чадавхиа бэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах хоршоо байгуулна. Энэ нь зорилтот бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амжиргааг дэмжинэ.

3. Хүний хөхөнцөр вирусын тархалтын судалгаа

Монголын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь умайн хүзүүний хавдар болоод байна.  Нас, боловсрол, орлогын түвшингээс үл хамааран энэ өвчний тархалт өндөр байсаар байна.  Жил бүр 300 шинэ тохиолдол бүртгэгддэгээс 85 хувь нь хожуу үедээ оношлогддог. Умайн хүзүүний хорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг Монголд 2012 онд туршилтаар хийж эхэлсэн билээ.  11-15 насны 9,111 охинд вакцин тарьсан.  Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд Монголын Хавдрын зөвлөл Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 19-20 насны охид эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийнэ.  Энэ нь хүний хөхөнцөр вирусын хамгийн түгээмэл төрөл болох 16, 18, 45 халдварын тархалт вакцин хийлгэсэн (500) болон хийлгээгүй (500) охид, эмэгтэйчүүдийн дунд ямар байгааг тандах судалгаа юм. Улс орныг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөр боловсруулахад энэ судалгааны үр дүн чухал нөлөөтэй.

4. Залуучуудын хөгжлийг дэмжихэд нь Монголын скаутын холбооны чадавхийг бэхжүүлэх

Монголын Скаутын холбоо Австралийн Скаутын холбоотой хамтран, УБ-аас хойд зүгт 85 км-т орших өөрийн эзэмшлийн газар дээр задгай талбай, асар барина.  Монголын Скаутын холбоо 6-25 насны Монгол залуучуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд Азийн Скаут Жамбориг эх орондоо  зохион байгуулна.

5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирээдүйн байгаль орчны манлайлагчдыг чадавхижуулж, байгаль хамгаалал дахь оролцоог нэмэгдүүлэх нь

Монгол орны аялал жуулчлалын томоохон бүсийн нэг Хөвсгөл нуурыг зорьсон дотоод, гадаадын аялагчдын тоо 2014-2015 онд 45 мянгад хүрчээ. Аялал жуулчлалын улирал манай орны нөхцөлд богинохон, ердөө хоёр сар гаруй үргэлжилдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутгийн иргэдийн дийлэнх нь жуулчдын урсгалыг ашиглан, гэр буудал ажиллуулах, гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах, жолооч, хөтчөөр ажиллах зэргээр олон төрлийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэн амьжиргаагаа залгуулдаг.

“Монгол Экологи Төв” ТББ нь Монгол орны байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах үйл ажиллагаанд олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан. Тус байгууллага нь Австралийн “Бичил төслийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын үүд хотууд болох Хатгал, Ханх сумдад “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт Хатгал, Ханх сумдын дунд сургуулийн 4-7 дугаар ангийн нийт 200 сурагч хамрагдан төрөлх нутгийнхаа байгалийн түүх, геологийн тогтоц, биологийн олон янз байдал, гидрологийн мөчлөг, ойн менежмент, хөрсний бүтэц болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй нөлөө зэрэг байгаль хамгааллын талаар олон талын мэдлэгийг олж авснаар ирээдүйн байгаль орчны манлайлагчид болон төлөвших юм.

6. Түншлэлийг бэхжүүлэх хамтын орон зай

Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр 2016 оны эхний хагаст 764 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 34 хувиар буюу 178 хэргээр ихэссэн үзүүлэлттэй гарсан байна. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэн, 2011 оноос 2015 оны хооронд 90 гаруй хохирогч амь насаа алдаад байна. Эдгээр хохирогчийн тал нь шүүх, цагдаа, нийгмийн үйлчилгээнд хандсан байдаг ч тухайн үед нь хамгаалах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж амь насаа алдсан байдаг.

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 22 жилийн туршлагатай ТББ юм.  ХЭҮТ сэтгэл зүйн зөвлөгөө, хуулийн туслалцаа, нөлөөллийн ажил, хамгаалах байрны үйлчилгээг давхардаагүй тоогоор нийт 19,700 үйлчлүүлэгчид үзүүлээд байна. Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр ХЭҮТ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэгч хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, тэдний чадавхийг бэхжүүлэх замаар даван туулагчдад дэмжлэг үзүүлж хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй хүргэх чадавхийг дээшлүүлэх мөн гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдын чадавхийг бэхжүүлнэ.

7. Ирээдүй, итгэл найдвар

Хөдөө орон нутагт Монголын 1.4 сая иргэн хагас нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Амьжиргаагаа залгуулах өөр боломж төдийлөн байхгүй байна  (НҮБХХ, 2007). Нэг бол малын тоо толгой цөөн, эсвэл хэт олон малтайгаас бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжөө хаваржаа сэлгэн нүүх хугацаа янз бүр байдаг, туршлагагүй, залуу малчдын тоо ихэссэн, мөн зуд ойр ойрхон болж байгаа зэргээс мал аж ахуй эрхлэх нь эрсдэл ихтэй, хүндрэлтэй болж байна. “Өрхийн тариалан, бизнес хөгжил” ТББ зудад хамгийн их нэрвэгдсэн газар нутгийг сонгон авч, иргэдэд сургалт явуулдаг.  Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын өрх толгойлсон 25 эмэгтэйд ногоо тарих, хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сургалт явуулж, тогтвортой амжиргааг нь дэмжинэ.

8. Сагсан бөмбөг орон нутгийн залуусын хөгжилд

Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адарга сумд ядуурлын төвшин өндөртэй, мөн залуучуудын хөгжлийг дэмжих зориулалтын спортын танхим талбай байхгүй. “‘Б’ Сагсанбөмбөгийн дасгалжуулагч” орон нутгийн ТББ Австралийн ЗГ-ын санхүүжилтээр Баян-Адарга суманд сагсан бөмбөгийн задгай талбай барьж, сумдын ядуу өрхийн 30 хүүхдэд (15 эмэгтэй, 15 эрэгтэй) зориулалтын хувцас олгож, сагсан бөмбөгийн дугуйланд хамруулна. Төслийн үр дүнд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, спортлог, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ.  Төслийн хэрэгжилтэд Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адарга сумын засаг захиргаа, “Оч Манлай”, “Дөрвөн улирал Хэнтий” компаниуд дэмжлэг үзүүлнэ.

9. “Ногоон Замнал” Хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төв

Энэхүү төслийг Улаанбаатар Хангарьд ротари клуб нь байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт зохион байгуулдаг Өмнөд Австралийн КЕСАБ ТББайгууллагатай хамтран Австралийн шууд тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хотын хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтыг дэмжих зорилгоор МУБИС болон ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн багш, сурагч нарт мэдлэг олгох, идэвхжүүлэх, зөв дадалд төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулна. Мөн дээрх сургуулиудад Хог хаягдлыг дахин боловсруулах танхим тохижуулан өгөх нь цаашид тухайн чиглэлийн боловсрол олгох, сургалтаар олсон мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

  1. Төрийн үйлчилгээг “Check My Service” мобайл аппликэйшнээр дамжуулан сайжруулах нь

Төрийн үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Улс орны Засгийн газрууд өөрсдийн үндсэн үүрэг болох төрийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулан ажилладаг. “Check My Service” нь үйлчилгээ хүртэгч иргэд болон үйлчилгээ үзүүлэгч Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад үйлчилгээний талаарх асуудлыг шууд холбож өгөх мобайл аппликэйшнийг хөгжүүлэх зорилготой төсөл юм. Иргэд тус аппликэйшнийг ашиглан өөрийн орчин тойрон дахь төрийн үйлчилгээний талаар мэдээлэх, санал сэтгэгдлээ өгөх, шийдүүлэх боломжтой болох юм. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн агентлагийн мэдээ (2014) -гээр Улаанбаатарын оршин суугчдын 45 хувь нь интернэтийг өдөр тутам, талаас дээш хувь нь 7 хоногт дор хаяж нэг удаа хэрэглэдэг байна.

Ардчиллын боловсрол төв (ДЕМО) нь 2012 оноос эхлэн Check My Service төслийг санаачлан эхлүүлж 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 84 төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлж, үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц, өөрчлөлт гарч байна. ДЕМО-гийн Check My Service санаачлага нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны шилдэг туршлагаар шалгарч, “Шударга ёсны төлөө” өргөмжлөл хүртэж, Нээлттэй Засгийн Түншлэлийн Ази, Номхон далайн бүсийн 2014, 2016 онуудад Засаглалын ил тод, хариуцлагатай байдал, иргэдийн оролцооны шилдэг санаачлагаар тус тус шалгарсан.