m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 01:57
119
Баянзүрхчүүд 10,630 метр квадрат талбайн цас, мөсийг цэвэрлэлээ

Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А/408 дугаар захирамж гарган 19-ний өдөр буюу бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Дүүргийн Тамгын газар, харьяа хэлтэс албад, 28 хороо болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтлэг үйлчилгээний газрууд, Сууц өмчлөгчдийн холбоод, худалдаа, үйлчилгээний цэг салбар, цэргийн анги нэгтгэлүүд хуваарилагдсан газар болон орчныхоо 50 метр газрын цас, мөсийг хусч цэвэрлэсэн юм.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1501 байгууллагын 5948 хүн оролцож,  нийт 10.630 метр квадрат талбайн цас, мөсийг арилгаж цэвэрлэлээ. Мөн  225 тн цас, мөс, хог хаягдлыг 47 машинаар 90 удаагийн рейсээр ачиж тээвэрлэв. Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ удаагийн цас мөс цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон боловч дүүргийн Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй байна.

Дашрамд мэдээлэхэд, энэ оны 11,12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.