m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 03:03
93
Л.Оюун: Интервенц хийх нь гал унтраах төдий арга

Эдийн засгийн нөхцөл байдал, гарах гарцын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд байгааг дээр дооргүй л ярьж байна. Тэр дундаа Монголбанкнаас долларын нөөцөө зарласантай холбоотойгоор ханшийн хөөрөгдөл үүсч улам хэцүү байдалд орлоо гэж тайлбарлах боллоо. Энэ хэр бодит үндэслэл вэ?

-Баримт бол баримт. Монголбанк валютын нөөц шавхагдлаа гэдгээ зарласны дараа ханш нь огцом өссөн. Тэгэхээр нөөцөө зарласан нь долларын ханшид нөлөөлсөн хүчин зүйлийн нэг мөн гэж би харж байна.

-Монголбанкнаас яаралтай арга хэмжээ авч зах зээлд доллар нийлүүлснээр ойрын өдрүүдэд ханш тогтвортой байна. Гэхдээ цаашид хэрхэх бол. Энэ хэр зөв алхам байсан юм бэ?

-Төгрөг, долларын ханшийг зохицуулдаг нэг арга нь интервенц шүү дээ. Интервенц нь Ревальваци, Девальваци гэж хоёр хэлбэртэй байдаг. Ревальваци нь төгрөгийнхөө ханшийг зориудаар өндөр болгож, эсрэг талд нь долларын ханшийг буулгах арга хэмжээ. Үүний гол хэрэгсэл нь бол зах зээлд долларын нийлүүлэлтийг нэмдэг. Үр дүнд нь валютын нийлүүлэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад ханш нь буудаг. Энэ аргыг хэрэглэж байна л даа. Гэхдээ энэ арга нь дунд болон  урт хугацаандаа үр дүн өгөхгүй. Ер нь Монгол Улсад доллар төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгах бодлого баръя гэвэл өөр арга хэрэглэх хэрэгтэй.  

-Тэр нь ямар арга юм бэ?

-Нэгдүгээрт, долларын нийлүүлэлтийг дотооддоо оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг оруулж ирдэг ганц суваг нь экспортоо нэмэгдүүлэх. Түүнээс Монголбанк шиг зүгээр л зах зээлд доллар нийлүүлээд ханшийг тогтворжуулна гэж байхгүй. Энэ түр зуурын гал унтраах л арга.

Хоёрдугаарт, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын бараагаа бууруулах арга. Ингэхийн тулд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Нөөц нь байсаар байтал бид эцсийн бүтээгдэхүүнийг өртөг өндөртэй авсаар байна шүү дээ.

-Нөөц байсаар байхад эцсийн бүтээгдэхүүнээ өндөр үнээр аваад байгаа гэж онцолсон. Шийдэх ямар гарц байна вэ?

-Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Харамсалтай нь ахиц, дэвшил гарахгүй байгаа. Үе үеийн Засгийн газар валютын ханш өсөхөөр интервенцийн аргаар түр зогсоочихоод, урт болон дунд хугацаандаа энэ асуудлаас гарах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр үнэхээр дутагдалтай ажиллаж ирсэн. Миний хувьд бид нөөц баялаг дээрээ тулгуурлаад үйлвэрлэл явуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг л дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, бидэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья гэвэл нөөц нь байж л байна. Энэ асуудалд яаралтай шуурхайлан орж, дайчилж ажиллахгүй бол валютын хомсдол, үнийн хөөрөгдөл үеийн үед байсаар л байна. 

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад нөөц байгаа гэлээ. Тэгвэл юу саад болоод байна вэ?

-Ер нь бол томоохон үйлдвэрүүдийг нөөцөө дагаж л байгуулах хэрэгтэй. Тэгэхээр нөөц нь байвал хаана ч байгуулж болно л доо. Байгуулахын тулд ТЭЗҮ-ийг маш сайн гаргасан байх шаардлагатай. Ингээд хувийн хэвшил хийхэд хөрөнгө мөнгө нь асуудалтай байвал төсвийн хөрөнгөөр бариад, үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр хувьчилдаг олон улсын жишиг байна шүү дээ. Энэ туршлагаар явж болох л байсан.

Ерөнхийдөө энэ салбарт хувийн хөрөнгө оруулагчид оролцох хүсэлтэй байдаг. Тиймдээ ч нэлээд хүчин чармайлт гаргадаг юм байна лээ. Гэтэл яг хэрэгжих болохоороо хэрэгждэггүй. Заримдаа бүр хардмаар санагддаг. Монголдоо боловсруулж үйлдвэрлээд болно гэж байхад үйлдвэрлүүлэхгүй гадаадаас авч байгаа нь хэн нэгэнд, ямар нэгэн бүлэгт ашигтай юм яваад байгаа юм биш биз дээ гэж хардах болсон.

-Хувийн хэвшил газрын тос боловсруулах үйлдвэр барих хүсэл сонирхол их байдаг бололтой. Энэ чиглэлээр мэргэшсэн гэдэг ч юм уу, ажилладаг компаниуд хэр олон байдаг юм бол?

-Стратегийн ач холбогдолтой бараа гэж байдаг. Үйлдэрлэлийн гол хүчин зүйл болдог бараанууд дотор нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр барааныхаа үйлдвэржилтийг манайх түрүүлээд хөгжүүлэх ёстой. Энэ чинь бизнесийн орчин байхгүй юу. Би бас мэднэ л дээ. Нэлээд компаниуд яг энэ асуудалд ТЭЗҮ боловсруулчихсан, дэмжээд өгөөч гээд үе үеийн Засгийн газраас хүссэн.  Харин яагаад энэ төсөл хэрэгждэггүй юм бэ гэдэгт л эргэлзээ төрж байгаа юм. Үнэхээр тооцоолол дутуу гэх мэт асуудлууд байж болно л доо. Хэрэв ингэж үзэж байгаа бол Засгийн газар энэ асуудалд нь дэмжээд, туслаад өгөх ёстой. Стратегийн ач холбогдолтой энэ үйлдвэрийг бид төр, хувийн хэвшилтэйгээ хамжаад ч хамаагүй босгохгүй бол маш их хэмжээний долларыг гадгашаа төлбөрт явуулаад тэр нь манайд долларын эрэлт бий болгоод байна л даа. Тухайлбал, “Петроматад” манайхаас газрын тос олборлож гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгоод буцаагаад манайд худалдаж байх жишээтэй. Энэ мэтээр бид аль нэг өндөр хөгжилтэй орны түүхий эдийн баазын үүргийг гүйцэтгээд байж болохгүй.

-Энэ үйлдвэрийг байгуулах гэхээр хөрөнгө мөнгө нь хаа хаанаа хүрэлцдэггүй юм болов уу?

-Өөрсдөө хийхэд хөрөнгө мөнгө нь байдаггүй юм бол гаднаас хөрөнгө оруулалтаар ч хамаагүй энэ үйлдвэрийг яаралтай л барих хэрэгтэй байгаа юм. Ингэж алсыг харсан, урт хугацааны бодлого явуулахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд л нэг очков авчих санаатай, гал унтраах ажил хийгээд байх нь Монголын эдийн засгийг үеийн үед хүндрүүлсээр ирлээ.

-Хэрэв ийм үйлдвэртэй болчих юм бол дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болох юм байна лээ?

-Ерөөсөө жижиг дунд үйлдвэр том үйлдвэрийг дагаж оршин тогтнодог. Том үйлдвэр туслах бүтээгдэхүүнээ стандартын дагуу жижиг үйлдвэрт захиалж хийлгэх маягаар тэднийг тэжээж явдаг тогтлолцоотой. Харин манайхан жижиг, дунд үйлдвэр гэхээр л өрхийн түвшинд гэж ойлгоод байдаг. Өрхийн үйлдвэрлэл бол зөвхөн амиа аргацаах түвшинд л явагддаг. Тиймээс жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бодлого ч гэсэн яг энэ том үйлдвэрээ дагаад явж байх ёстой байдаг.

Тухайлбал, Авто машины "Хьюндай" үйлдвэрт очиж үзэхэд арав орчим л хүн ажиллаж байсан. Харин жижиг дунд үйлдвэрүүд нь авто машины салон, толь, шалавч, шил, суудлын бүрээс, хөгжмийг нь хийдэг. Яг л тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнд тохирсон туслах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр том үйлдвэр нь оршин тогтнож байгаа цагт жижиг дунд үйлдвэрээ араасаа чирээд явчихдаг зах зээлийн жам байна.

-Үйлдвэр байгууллаа гэхэд боловсон хүчний асуудал яригдах байх?

-Үйлдвэржилт явагдаад ирэхээр ажиллах хүч хэрэгтэй болно. Гэтэл манайх улс цөөн хүн амтай. Тэгвэл үүнийгээ давуу тал болгон ашиглаж болно. Тиймээс шинэ техник технологийг оруулж ирэх хэрэгтэй. Одоогийн энэ том том үйлдвэрүүдэд мянга мянган ажилчин хэрэггүй шүү дээ. Чанартай боловсон хүчнийг бэлтгээд шинэ технологио оруулаад ирэх юм бол нэг товчлуур дараад л тэр үйлдвэр чинь ажиллаад ирнэ шүү дээ. Дэлхийн хөгжлийн чиг хандлагаа бариад, техник технологи дээр нь гаднын шууд хөрөнгө оруулалт оруулаад, гаалийн татвараас хөнгөлөөд, зөв бодлогоор дэмжээд өгөх юм бол Монгол орон баян шүү дээ.

-“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй талаар ярилцах боллоо. Энэ хэр зөв юм бэ?

-Манай улсын эдийн засгийг хямарчихлаа, өөрийн хүчээр сэргэх боломжгүй, ОУВС-гийн тусламж хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд хоёр талаасаа дүгнэлт хийж байгаад асуудлыг шийднэ. Хөтөлбөр гэдэг маань зөвхөн мөнгөний асуудал биш юм. Тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаатайгаар бага хүүтэйгээр яг доголдоод байгаа газар нь оруулж, балансыг нь бариулахад зорилго нь байдаг. Үнэхээр хүнд байдалд гаднаас тусламж авахад болохгүй зүйл байхгүй. Тусламж аваад эдийн засаг нь сэргэсэн туршлага зөндөө байна.

-Өөрөөр ямар арга зам байна вэ?

-Тухайн улсын эдийн засаг олон тулгуурт байх ёстой. Эдийн засгийн нэг салбар хүнд байдалд ороход нөгөө салбар нь тэр алдагдлыг нөхөж, орлогоо олж байх хэрэгтэй л дээ. Эдийн засгийг солонгоруулах гээд л бид яриад байгаа ч хийсэн зүйлгүй л өдийг хүрээд байна даа. Хөдөө аж ахуйн салбар, боловсролын салбарыг хөгжүүлэх ёстой. Энэ хоёр салбар хөгжих юм бол бусад салбарыг хөгжүүлэх түүхий эд, боловсон хүчин нь бий болчихдог. Хөдөө аж ахуйн салбар чинь өөрөө хүн амыг хүнсээр, аж үйлдвэрийг түүхий эдээр хангадаг салбар шүү дээ. Тиймээс эцсийн дүндээ үйлдвэржилтийг л хөгжүүлэх ёстой.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.