m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 09:53
265
Эрдэмтэн судлаачдын оюуны өмч үйлдвэрлэлд нэвтэрч байна

Улс орны хөгжилд шинжлэх ухааны салбар тэргүүлж байдаг. Тэгвэл эрдэмтэд, судлаачдын оюуны өмчийг үйлдвэрлэл болгож улмаар дотоодын хэрэглээнд нэвтрүүлж байгаа ололт амжилтаар дүүрэн “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнгээр зочиллоо.

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн энэ сарын 23-24-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцож байгаа юм.  

 

Б.Оюун-Эрдэнэ Монгол улсын анхны судалгааны их сургуулийн захиргааны менежер

 

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнд  Монгол улсын анхны судалгааны их сургууль гэгддэг  Монгол Улсын Эрдмийн Их Сургууль оролцжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд тус сургуулийн багш болон МУЭИС-ийг төгссөн үе үеийн эрдэмтэн, судлаачдын 150 гаруй бүтээлээр оролцож байна. 

Монголын Улсын Эрдмийн Их Сургууль бол монголын хамгийн анхны судалгааны их сургууль гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд манай профессоруудын баг болон эрдэмтдийн хийсэн бүтээлүүдээр оролцож байна. Сүүлийн үед бол судалгаанд суурилсан бүтээл эрэлттэй байдаг. Тухайлбал “Баялаг бүтээгч” гээд Ч.Даваабаяр докторын маань бүтээлийг хүмүүс маш их сонирхдог. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн маш сайхан бүтээл болсон гэдгийг ч энд онцлох нь зүйтэй.

Мөн Хэлний бодлого буюу хэл шинжлэлийн эрдэмтдийн илтгэлүүдийг багтаасан  “Хэлний бодлого, хэл төлөвлөлт” гээд эмхтгэл байна. Үүнийг манай Монголын Улсын Эрдмийн Их Сургууль нэгтгэн энэхүү бүтээлийг гаргасан байгаа. 

 

 

Д.Сэлэнгэ “Билиг ундрах бүл” компанийн зөвлөх

“Билиг ундрах бүл” компани зөгийн аж ахуйгаар дагнасан олон жилийн судалгааны ажил үйлдвэрлэл болж өргөжсөн байна.

Манай компани шинэ удмын зөгий, шинэ судалгаа шинжилгээтэй олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тухайлбал бид Төв аймгийн Батсүмбэрт нутагшсан шинэ удмын зөгийн үржлийн сүрэг бий болгосон. Мөн зөгийн лаваар лаа, зөгийн сархиагтай бал зэрэг шинэ бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Зөгийн балны ач тус маш их. Тэр дундаа дорно дахины эмчилгээний 99 төрлийн эмийн найрлаганд зөгийн цэвэр бал багтдаг. Тэгвэл энэ лавтай буюу сархиагтай балыг хүмүүс идэж хэрэглэвэл амьсгалын дээд зам болох хоолой гүүлсэн булчирхайн улайлтыг анагаадаг. Тиймээс хүмүүсийг эрэлт хэрэгцээнд тулгуурлан бид үүнийг инноваци болгон үйлдвэрлэж байна. 

 

Б.Буянчимэг “Дэвжих-Оюу” ХХК-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан эрхлэгч

Өнөөдөр бол шинжлэх ухааны салбарынхны баярын өдөр тохиож байна. Хамгийн гол нь бид эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа инноваци болгож, бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна. Тиймээс бидний судалгааны ажил эрэлт хэрэгцээ ихтэй байгалийн гаралтай шимт бүтээгдэхүүн үйлдвэрлэх талруу хандсан. Бид энэ чиглэлрүү судалгаа шинжилгээний ажлаа хандуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэхдээ цэвэр экологийн бүтээгдэхүүн болох хонины сүүлээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тухайлбал бид хамгийн сүүлд халгайг сүүлний өөхтэй хольсон нухаш, зууш, хуушуурны бэлдэц зэрэг 4 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна.   

Ц.Ганболд “Хөнгөн үйлдвэрийн судалгаа шинжилгээний хүрээлэн”-ийн инноваци, хөгжлийн албаны дарга 

ШУТИС-ийн харьяа “Хөнгөн үйлдвэрийн судалгаа шинжилгээний хүрээлэн”-д инноваци хөгжлийн төв ажилладаг. Энд хийгдсэн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор туршилтын бүтээгдэхүүнийг хийсэн. Тодруулбал ноос, ноолуур сарлагын хөөвөр, хонины ноосон дүүргэлттэй хөнжил зэргээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хонины ноосон дүүргэлттэй хөнжлийг хийхдээ бид маш их судалгаа шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд бид ямар нэгэн үнэргүй хонины ноосон дүүргэлттэй хөнжлийг үйлдвэрлэж чадсан. Бүх төрлийн ноосон ширхэгтэд малын гаралтай шээгний үнэр гэж байдаг. Энэ нь чийгтэй юмуу халуун орчинд үнэр ялгаруулдаг. Үүнийг бид сүүлийн 3 жил манай хүрээлэн дээр судалсан юм. Ингээд төслөө хэрэгжүүлээд гарсан үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд эрдэнэт хивс, сурагчын форм нэвтрүүлж байна. 

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын  23-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.