m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.28 01:05
88
Ажилгүйдлийн түвшинг гурван хувиар буулгах хөтөлбөр баталлаа

УИХ-ын чуулганаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан билээ. Ингэхдээ нэрийг нь өөрчилж Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгон батлав. Тус хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулт, асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар уг тогтоолын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэл хэдэн шат ахих, ажилгүйдлийн түвшин хэдэн хувиар буурах, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалтыг хэдэн хувиар нэмэх, энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөл боловсруулж байгаа эсэх талаар бодит тоо, баримт сонирхохын зэрэгцээ “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг төрийн хэмнэлтийн хөтөлбөр болгох, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн байр суурь илэрхийлэв.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж УИХ-д хэлэлцүүлж байх үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Гэхдээ бид УИХ-тай ярилцаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад одоо байгаа зэрэглэлийг хоёр түвшингээр ахиулахаар зорьж байгаа. 2016 оны зургадугаар сарын мэдээгээр ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр бид ажилгүйдлийн түвшинг гурван хувиар буулгаж, долоон хувьд хүргэнэ. Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газрын зүгээс төрөөс эхлүүлж, төрийн тансаглалыг танах чиглэл барьж асуудал тавьсан ч дэмжлэг авч чадаагүй гэв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва бид иргэдийг ажлын байраар хангах, ажилтай орлоготой болгохын тулд уг хөтөлбөрт хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацаанд цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх ажлын байрны эрэлт хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх саналуудыг оруулаад байгаа. Мөн эдийн засгийн хямралтай үед иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх зэргээр бид ажлын байр нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрт олон санал оруулсан гэсэн юм.

Түүнчлэн “Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, Богд хан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх саналыг гишүүдийн 79.6 хувь нь дэмжсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг дахин нэг нягталж үзэхийг анхааруулж байлаа.

Харин УИХ-ын чуулганаар уг хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ.