m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.28 07:01
363
IMAX кино театрт “Жонон” хамтлаг шинэ цомгийн нээлтээ хийлээ

Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагийн анхны “The grace of the Khaans” цомгийн нээлт IMAX кино театрт ёслол төгөдөр сайхан болж өнгөрлөө.

Гайхамшигт ардын аязыг үндэсний хөгжим, гитар, бөмбөртэй хоршуулан уянгалуулах “Жонон” хамтлагийнхан 10 жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээсээ сорчлон авсан “The grace of the Khaans” цомгоо өлгийдөн авлаа. 

“IMAX” кинотеатрт болсон цомгийн нээлтийн үйл ажиллагаанд үндэсний хөгжим сонирхогч залуус, амралтын өдрөөрөө IMAX-ыг зорин ирсэн гэр бүл, гадаадын жуулчид гээд олон хүн хүрэлцэн ирсэн юм.

Монголын урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн  “Сэрсэн тал”, “Ариун дагшин”, “Өвөл”, “Монголз”, “Жалам хар” энэ л үдэш үзэгчдийг огшоож, басхүү сэтгэлийн нандин чавхдасыг нь хөглөн эгшиглэлээ.

Үндэсний урлагаа орчин үеийн залууст ойртуулахыг хичээж явдаг тэдний цомгийн баяр гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа.  

Энэ үдэш ирсэн зочдоос сонгогдсон зургаан хүн сугалаа сугалан, үндэсний хөгжим тоглов. “Гэнэт” байгуулагдсан хамтлагт маань  багш, оюутан, малчин, Белги улсын иргэн багтаж буй. Тэд анх удаа үндэсний хөгжим барьж үзсэн төдийгүй, олны өмнө авьяасаа үзүүлэх хүндхэн даалгаврын эзэд болж, үзэгчдийг хөгжөөлөө. Даалгавараа амжилттай биелүүлэн “Жонон” хамтлагийнханы гарын үсэгтэй “Хаадын хишиг”  цомгийн эзэд болсон билээ. 

Мөн “Жонон” хамлтагийнхан цомгийн баярт хүрэлцэн ирсэн бүх фенүүддээ шинэ цомгоо 50 хувийн хямдралтайгаар худалдан авах боломжийг олгов.

Үүний дараа мөн үзэгчдийн дунд “Хэн сайн дуулах вэ” тэмцээнийг зохиосон юм.  

Эхний оролцогч Архангай аймгийн харъяат Г.Эрдэнэбаяр Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн ая “Дөрвөн цагийн тал” дууг бүрэн эхээр нь үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагтай хамтран дуулсан бол дараагийн оролцогч Нийслэлийн 34-р дунд сургуулийн багш Г.Даваанасан Ардын дуу “Алгирмаа”-г дуулсан нь хуран цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, нижгэнэсэн алга ташилтаар мялаасан юм. Харин дуунд нь уярсан хөтлөгч Цоомоо түүнийг хацар дээр нь зөөлөн үнсэж шагналаа.

Сүүлийн оролцогч болох Монгол-Оюу сургуулийн багш Б.Мөнхзаяа “Гандийн мод” ардын дууг уянгалаг сайхан дуулж, урмын үг, шинэхэн цомгоор шагнуулсан юм.

“The grace of the Khaans” цомог хэдий 10 жилийн дараа мэндэлж буй ч “Жонон” хамтлагийн давтагдашгүй өнгийг илтгэх нь дамжиггүй юм.