m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.02 08:06
180
Дархан хотын баялаг бүтээгчид түүхэн бүтээлд учиг шингээлээ

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг Хэнтий аймгийн Баялаг бүтээгчдийн салбар хорооны тэргүүлэх гишүүд урлаж эхлээд байгаа юм. Энэхүү хосгүй бүтээлээ “Геннисийн дээд амжилт”-д бүртгүүлэхээр шамдан ажиллаж байна. Энэ хүрээнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг  21 аймагт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт /2016.12.02/ боллоо.  Уг ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, НБХ-ийн дарга Ч.Энхбат нарын аймгийн удирдлагууд холбогдох албаныхан болон уран эмэгтэйчүүд оролцлоо.

 

Монголын түүхийг уламжлалт аргаар ширж оёсон энэ нандин бүтээлийг 108 метр урт, 1.8 метр өргөнтэй  цагаан эсгий дээр зээглэн ширэх аргаар оёж байгаа юм. Түүнчлэн Нууц товчоонд дурдагдах амьдралын гол үйл явдлуудыг дүрсэлснээс гадна үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэргийг дахин давтагдахгүй байхаар олон төрлөөр дүрсэлж байгаа ажээ.

1200 гаруй жилийн түүхтэй Монголчуудын утас зүү эрхшээх соёл нь биднийг бусдаас ялгах уран сэтгэмж, ур дүйтэй ард түмэн гэдгийг дэлхий нийтэд илтгэдэг . Үүний нэг илэрхийлэл болох уг бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлснээр дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Эзэн Чингис хааны түүхээ ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх маш чухал ач холбогдолтойг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат онцлов. Мөн дээрх бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэхэд зориулан 5753862007 тоот хандивын дансыг нээсэн байна.