m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.28 04:30
46
Газар өмчлөл гацаанаас гарахгүй бололтой

Манай нийслэлд замын түгжрэл гэж хэцүү асуудал бий. Хүн бүхний уурыг барж, уцаарыг хөдөлгөж орхидог. Харин сүүлийн үед газар өмчлөл гэдэг гацаа нэмэгдлээ. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, газар өмчлөх хүсэлтэй, эрхтэй иргэд эхнээсээ газартай болох байв.  Гэсэн ч цахим хэлбэрээр санал авах учраас систем нь бэлэн болоогүй гэсэн шалтгаанаар тавдугаар сарын 1-н болтол хойшлогдов. Газар гэдэг капитал одоогоор иргэдийн хамгийн том хөдлөшгүй хөрөнгө болсон. Тиймээс энэ асуудалд хүн бүр анхаарч чих тавьж байна.  Тийм ч учраас иргэд тавдугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээлээ. Гэтэл “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-аас газар өмчлүүлэх ажил дахин нэг сараар хойшилсон хэмээгээд үүдээ хаалаа. Тэд энэ удаа  “Иргэдийн өргөдлийг хүлээн авахад бэлэн болсон.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүсэлтээр сарын хугацаатай хойшилсон”  хэмээн тайлбарлалаа.

Иргэд дахин нэг сар хүлээх болов. Гэтэл саяхан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  www.ulaanbaatar.mn цахим хуудаст “Газар өмчлөх өргөдөл хүлээн авах цахим систем бэлэн боллоо” гэсэн утгатай мэдээлэл тавигдсан нь бас нэгэн асуудлыг үүсгээд авлаа. Газар өмчлөх хүсэлтэй иргэд “Тэснэ тэснэ гэхэд ингэж тэсэх үү” гэдэг шиг нөгөө систем рүү нь ороод хэдэн мянгаараа бүртгүүлж орхижээ. Fаcebook, твиттер гээд цахим ертөнцөд “Газар өмчлөх хүсэлт хүлээн авч байгаа талаар “жиргэж” нэг хэсэгтээ л иргэдийн сэтгэл зүйгээр тоглоод амжив.

Нийслэлийн өмчийн харилцааны газар ингэнэ гэж төсөөлөөгүй байсан бололтой.  Хугацаанаасаа хоёр сар өнгөрсөн энэ асуудлаа хойшлох болгонд нь “Газар өмчлүүлнэ гэдэг чухал асуудал. Тиймээс их нарийн зохион байгуулалттай хийнэ” хэмээн дуугарч байсан санагдана. Гэвч тэд нарийн зохион байгуулалттай хийж чадахгүй байгаа гэдгээ олон үйлдлээр баталж байх шиг.  Хугацаандаа эхлэж чадсангүй, цахим систем гэдэг нь  олон мянган хүнийг бүртгэж сэтгэл зүйгээр нь тоглолоо. Хугацаа зарлагдаагүй байхад бүртгүүлсэн тэдгээр хүний буруу байж болох ч Нийслэлийн өмчийн харилцааны газар үүнийг тооцоолох учиртай байв.

Энэ явдлын дараа тус газраас хэвлэлийн хурал зарлаж, одоо бүртгүүлсэн байгаа хүмүүсийн хүсэлт хүчингүй гэдгийг албан ёсоор зарласан. Тэгээд “Өмчлүүлэх ажил яг хэзээ эхлэх вэ, тухайн газруудад дэд бүтэц бий юу” гээд сэтгүүлчдийн олон асуултад Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар тодорхой хариулт өгсөнгүй. Түүний ярианаас ямар ч гэсэн иргэдэд өмчилж байгаа тухайн газарт цахилгаан байхгүй, худаг ус ч үгүй, зам тавигдаагүй гэдгийг ойлгож авлаа. Хэзээ тавигдах вэ гэсэн асуултад мөн л хариу өгч чадсангүй.