m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.04 03:14
687
Оройн хоол 2000 төгрөг=100 грамм мах+хоёр ширхэг төмс+нэг лууван+100 грамм гурил

"Нохойн хоолоор өл залгаж байна. Усанд будаа чанаад идэх өдөр олон болсон. Тал талхаар хүүхдүүд өдрийг өнгөрөөдөг боллоо" гэж халаглан суугаа хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөөнгүй харагдах болов.

"MASS.MN" сайтын хамт олон эдийн засгийн хямрал хотын захын дүүрэг, хороодод амьдарч буй хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, тэд юу идэж бор хоногийг хэрхэн өнгөрүүлж буй бодит амьдралыг сурвалжиллаа. Өр өвдөм, сэтгэл шимширмээр дүр зураг олон таарсныг өгүүлэх нь зүйн хэрэг биз ээ. Бид сурвалжилгаараа монголчуудын бодит амьдрал ямар байгааг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Бидний орсон эхний дэлгүүр Чингэлтэй дүүргийн 11 хорооны гэр хорооллын дунд байх хүнсний дэлгүүр байв. Гэр хорооллын захын хэсгийн дэлгүүрүүдийн худалдаж байгаа бараа бүтээгдэхүүн нь нэгэн ижил. Баян, ядуугийн ялгаа хаана амьдардгаас гадна юу идэж, ууж, эдэлж хэрэглэж байгаагаас нь харагддаг. Ялангуяа дээрх ялгаа захын гэр хорооллын хүнсний дэлгүүрээс илт харагдана. Миний орсон дэлгүүр эл хульхан  бөгөөд цөөн бараатай аж.

Дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн хамгийн их авдаг бүтээгдэхүүн нь талх, гурил, будаа болон граммаар жижиглэн хөлдөөсөн хонь, ямааны мах, гэдэс, дотор аж. Жижиглэнг уутлан хөлдөөсөн байх бөгөөд нэг нь тухайн айлд нэг, хоёр өдрийн хоолны мах болдог аж.  Хүмүүс халаасан дахь мөнгөндөө тааруулж сонголтоо хийнэ. Тэд жижиглэн бэлтгэсэн мах, дотор мах, ганц, хоёр ширхэг төмс, лууван, ургамлын тос будаагаа граммаар аваад оройн хоолоо 1000-2000 төгрөгт багтаачихдаг тухай нэгэн иргэн болон худалдагч хэлсэн юм Бүр боломжгүй нэг нь  үүнээс хямдаар ч хооллож магадгүй гэнэ. Нэг айл 1000 төгрөгөөс бага үнээр  өдрийг өнгөрөөнө гэдэг.... Юу авч  үр хүүхдэдээ өгдөг бол гэхээ айдас төрөх шиг...

Худалдагч, юмны үнэ нэмэгдсэн нь бүх хүний амьдралд нөлөөлж, хүнд байдалд оруулсныг дахин дахин хэлж байсныг энд онцлох нь хэрэгтэй болов уу. Тэд хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдөж буйг хамгийн сайн мэдэж байгаа. Өдөрт зарагддаг байсан 30 талх нь хоёр хонодог болжээ. Ногооны үнэ ч нэмэгдсэн болохоор байцаа, лууван ч гүйхээ больсон юм байх. Юмны үнэ өсөхөөр хоолны “жийрэг” ч тэдний жагсаалтаас хасагдах нь аргагүй шүү дээ.

Харин үүнийг дагаад бидний хэлж сурснаар үхрийн “бульон” (үхрийн, тахиа, гахайны шөл) моодонд оржээ. Орц багатай хоолонд сайхан амт оруулдаг гэнэ. Таван ам бүлтэй өрх 150 гр мах өдрийн хоолондоо хэрэглэх нь боломжтой айлын тоонд ордог тухай миний очсон газрын иргэд хэлж байна. Тэд ч “бульон”-ны үнэнч хэрэглэгч.

Харин халаас хоосон хүмүүсийн хувьд зээлдэг аж. Цалингаас цалингийн хооронд гэдэг үг жинхэнэ утгаараа энд л хэрэгжиж байна. Худалдагчийн зээлийн дэвтэрийг сонирхлоо. Энэ дэвтрийн хуудас дуусах гэж байгаа боловч 20 гаруйхан хоногийнх өмнө нээсэн байх юм.

Өдрийн хэдэн зуу дахин эргүүлдэг нь хуудасны тос, хир, нугаалаанаас  л харагдана. "Хар дэвтэр"-т 600 гаруй мянган төгрөгийн зээл тэмдэглээстэй гэнэ. Таньдаг, таньдаггүй ялгаагүй зээлийн дэвтэрт данслагдаастай. Худалдагчийг танихгүй хүн тэтгэвэр, халамжийн дэвтэр, иргэний, жолооны үнэмлэх, банкны карт, сургалтын төвийн үнэмлэх гээд байгаа бүхнээ барьцаанд тавьж өл залгуулсан байх юм. 

Байнгын үйлчлүүлэгч дотор мэдээж бяцхан хүүхдүүд багтана. Гэр хорооллын дэлгүүрүүд ихэвчлэн 500-аас доош төгрөгийн зайрмаг зардаг юм билээ. Худалдагчийн хэлж байгаагаар 1000 төгрөгөөс дээш үнэтэй зайрмаг авдаггүй учир ийм сонголт хийдэг гэнэ. Мөнгөө “түгжихгүйн” тулд аль болох хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүн л худалдахыг зорьдогоо ч нуусангүй.

“Өдөр тутам авдаг хүнсний бүтээгдэхүүний үнэ ингээд өсөөд байх юм бол бид хэрхэн амь зуух юм бэ. Мах авдаг байсан хэрэглэгчид оройн хоолондоо дотор махан татшаа авах нь гарцаагүй. Бид чинь 45 сая малтай атлаа иргэд нь дотор махан таташ идээд суух гэж” хэмээн халаглан суух хүн олон байна.

 “Хүн өөрийнхөө амьдралыг зурдаг” гэдэг үнэн. Ядуу эсвэл баян цатгалан амьдрах нь тухайн хүний өөрийнх нь хэрэг ч төрийн алдаатай бодлого хүний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг зураг төөрөг гээд орхиж боломгүй. Олон иргэн надаас “Биднээс хамаарахгүйгээр амьдралыг маань юу ийм болгож байна вэ” гэж асуусан ч юу гэж хэлэхээ мэдэхгүй санал солилцож хэсэг зогслоо. Иргэдийн амнаас “Хэцүү байна, хүүхдүүд өлсгөлөн өдрийг өнгөрөөж байна” гэх үг олон унах аж.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Монголын өнөөгийн дүр төрх, эдийн засгийн хүндрэл иргэдийг сөхрүүлчихжээ эрхэмүүдээ

---Ходоод нь хонхолзсон хүүхдүүд “Хүн үхээсэй, цадтал идэх юмсан" гэдэг гэнэ---

Эдийн засгийн хямралтай тэмцэхээр эрх баригчид ханцуй шамлан ажилдаа орсон. Гэхдээ энэ хямрал мэдээж төрийн түшээдэд биш иргэдэд л хүндхэн ачаа болж байгаа нь ойлгомжтой. Хоёрхон жилийн хугацаанд манай улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн гэж хэлж болно. Тиймээс энэхүү дарамт энгийн иргэдийн нуруун дээр хэрхэн бууж байгааг газар дээрээс нь сурвалжлахаар манай сурвалжлах хэсэг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Тодруулбал, тус дүүргийн 26 хороо, Баянхошууны “Өндөр настан” хэмээх газарт очсон юм. Гэр хорооллын иргэдийн эдийн засгийн байдал ямар байгааг мэдэх хамгийн энгийн арга бол тус бүс нутгийн иргэдийн үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр гэж шийдээд т очсон юм. Дэлгүүрийн худалдагчтай уулзлаа.

 

-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?

-Улам муудаж байгаа. Тухайлбал, манай дэлгүүр өнгөрсөн жил сард сая орчим төгрөгийн ашигтай ажилладаг байлаа. Гэтэл энэ жил арай гэж 600 мянган төгрөгт хүрч байна гээд бод. Ингэхээр иргэдийн худалдан авалт ямар байгаа нь тодорхой байгаа биз дээ.

-Худалдан авалт ийнхүү муудаж байгаа нь ямар шалтгаантай гэж бодож байна вэ?

-Өргөн хэрэглээний барааны үнэ хэт хурдан өсч байна. Саяхан нэг долоо хоногт 2-3 удаа үнэ нь өссөн. Иймэрхүү байдал үнэхээр хүнд тусаж байна. Одоо бол бараагаа цуглуулах гэж гарах бүртээ үнэ нь нэмэгдсэн байх вий гэж эмээдэг боллоо.

-Намайг орж ирсэнээс хойш худалдаа хийж байгаа хүмүүс голдуу граммаар авч байгаа харагдлаа. Ер нь ингэж авдаг юм уу?

-Тэгэлгүй яахав. Манай энд  өдрийн талх, хоногийн хоолгүй айл олон бий. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг граммаар авдаг болоод удаж байна. Мах бол тансаг хэрэглээ болсон гээд хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс ч би худалдан авагчдадаа зориулж махаа 150 граммаар нь жижиглээд боочихдог. Ингэж боосон махыг амьжиргааны төвшин арай гайгүй хүмүүс нь худалдан авна. Харин бусад нь ногоо, будаа, гурилаа граммаар авч, хоол амтлагчаар махны амт оруулаад л иддэг бололтой юм билээ. Учир нь орой ажил тарах цагийн үед хүмүүсийн авч буй гол хүнс ердөө л энэ. Бүр сүүлийн үед энэ хавийн хүүхдүүд  “Ажил явдал гараасай, нэг сайхан цадах юмсан”  гэж ярьдаг болсон гээд бод доо. Бараг томчууд нь ч ялгаагүй дээ гэв.

Биднийг ийнхүү ярилцах зуурт нэг худалдан авагч нэг сонгино, дундаж хэмжээтэй хоёр төмс, нэг удаагийн үхрийн махан амтлагч худалдан авлаа. Түүний араас 10 орчим настай жаал хүү орж ирэн 100 граммаар нь ууталсан элсэн чихэр, 0.5 килограмм гурил авав. Хүүгээс элсэн чихэр, гурилаараа юу хийж идэх гэж байгааг сонирхсон. Тэр эхэндээ дургүйцэж байсан ч “Манайх өнөөдөр хоол хийхгүй ээ. Ээж гал түлж байгаа. Пийшин дээр чихэртэй гамбир хайрч иднэ” гэж хэлчихээд гүйгээд явчихав. Энэ мэтийг хэрэв сэтгүүлч миний бие өөрийн нүдээр хараагүй бол худлаа л гэж хэлэх байлаа. Хотын захын гэр хороолын амьдрал үнэхээр ийм л болчихсон байна, үүнийг эмгэнэл гэх үү, инээдэм гэх үү. Хэрэв уншигч үүнд итгэхгүй бол гэр хорооллын захын хүнсний дэлгүүрт тавхан минут зогсоод үзээрэй. Тансаг зэрэглэлийн амьдралтай улс төрчид саарал ордондоо бодит амьдралаас тээр хол яриад сууж байх хооронд хотын захын хүүхдүүд өлсөхийн эрхэнд “Хүн үхээсэй, цадталаа идэх юмсан” гэж мөрөөдөөд сууж байна.  

Монгол хүн махаа авч чадахаа байлаа

Сонгинохайрхан дүүрэгт нэгэн сонин үйлчилгээ эхлээд удаж байгаа гэнэ. Иргэд өдрийнхөө хоолны мөнгийг олохын тулд нэгдүгээр хорооллын автобусны буудлын эргэн тойронд иргэд хуучин хувцсаа зарж сууна. Гол нь тэр бүхнийг худалдан авдаг хүмүүс ч байна. Хуучин эд зүйлсээ зарж буй тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 72 настай Б.Буянтогтох гуайтай цөөн хором ярилцлаа.

-Та хэзээнээс энд сууж байна вэ?

-Удаагүй байна. Энд суудаг хүмүүсийг хараад санаа аваад хуучин эд зүйлсээ зарах болсон.

-Таны сарын орлого хэд байна вэ?

-Өө тийм зүйл байхгүй дээ. Эмээ нь тэтгэвэрээ зээлээд байшин барьсан. Одоо ямар ч орлого байхгүй.  Эд зүйлсээ заруулбал л .....

-Өдөртөө хэдэн төгрөг олж байна вэ?

-Хааяа нэг л юм зардаг болохоор хэлэхэд хэцүү. Нэг өдөр анх удаа 3000 төгрөгтэй болж байсан.

-Орлого олоогүй үедээ хүнсээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Заримдаа эмээ нь мацаг бариад л хоночихдог. Бэлэн гоймон гайгүй нь үнэтэй байдаг, 600 төгрөгийн орлоготой үедээ авч иддэг. Олдохгүй бол 200 төгрөгийн кофе уугаад л унтдаг.

-Таны зарж байгаа эд зүйлс хэдэн хэдэн төгрөгийнх юм бэ?

-Энэ хуучин савхин хүрмийг 5000 төгрөгөөр зарж байна. Харин  энэ талх шарагчийг 15000-10000-д өгнө. Даанч зарагдахгүй удаж байна даа.

Энэ үеэр буудлын эргэн тойрныг ажиглавал хүүхдийн цоорч ургадсан оймсыг нөхөж, таван ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарж байсан бол хуучин сандлыг 5000 төгрөгөөр зарж байгаагаа тэд ярилцаж буй нь дуулдав. Иргэд гал руу хийж, шатааж байхаар хэрэгтэй хүнд нь зарсан дээр хэмээн энд ийнхүү сууж байгаа нь энэ аж. Ийм амьдралтай иргэн олон болсныг эрх баригчид мэддэг болов уу...

Нэгдүгээр хорооллын арын дэнж болох 12 дугаар  хороонд байрлах дэлгүүрт орж байдлыг ажиглаж хэсэг зогслоо. Оройн хоолны цаг дөхсөн учир үйлчлүүлэгчид голдуу татсан мах авч байгаа харагдлаа. Зарим хүн бэлэн гоймон болоод хоолны амтлагч ч авч байв. Ингээд тус дэлгүүрийн худалдагчтай цөөн хором ярилцсан юм.

-Иргэд ямар хүнсийг хамгийн их худалдаж авч байна вэ?

-Хэцүү байна даа. Хүмүүс архийг болохоор мөнгөө тоолохгүй авдаг хэрнээ хүнсээ бол жижиглэнгээр нь авдаг. Ихэнхдээ 400 гр-аар савалсан дотор гэдсийг хоол хийхээр авч байна. Ерөнхийдөө нэг оройн хоолондоо 400 грамаар савласан 800 төгрөгийн үнэтэй дотор махан таташ, 400 төгрөгийн төмс авдаг. Төмсөө нэг мөсөн хагас кг-аар авдаггүй. Учир нь үлдсэн 100 төгрөгт нь хоолны амтлагч авдагтай холбоотой юм билээ.

Хүмүүс архийг болохоор мөнгөө тоолохгүй авдаг хэрнээ хүнсээ бол жижиглэнгээр нь авдаг.

-Ер нь энэ байдал хэзээнээс эхлээд мэдрэгдэх болсон бэ?

-Би дэлгүүр ажиллуулаад дөрвөн жил болж байна. Эхний жил худалдагчтай байсан, орлого ч сайн байсан. Гэтэл сүүлийн гурван жил би хүн ажиллуулж чадахгүй байна. Эдийн засгийн байдал ингэж л иргэдэд мэдрэгдэж байна даа. Хэрэглээний зүйлсийн үнэ өндөр болсон. Баячуудын нохойндоо өгдөг татшаар, ядуус хоолоо хийнэ. Монгол хүн махааавч чадахаа байчихлаа. Уг нь тоолж барашгүй их малтай л гэдэг дээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

---Сүхбаатар дүүрэгт талх таллаж, элэгний нухаш граммаар нь зарж байна---

Хотын төвдөө бол сонсож дуулаагүй үйл явдал хотын захад өдөр тутмын амьдрал болжээ. Талхыг таллаж, элсэн чихэр, будааг 100, 200-гаар нь граммлаж, тэр бүү хэл элэгний нухшийг задлаад жин дээр тавин зарж байгаа үзэгдэл хотын захын, тэр дундаа гэр хорооллын дундах хүнсний дэлгүүрт энгийн үзэгдэл болжээ. Сүхбаатар дүүрэг,  долоон буудлаас зүүн тийшээх Дарь-Эхийн гэр хорооллын нэлээд гүн хэсэгт, хоёр гурван ч дэлгүүрээр орж үзлээ. Бусдаасаа арай гайгүй амьдралтай айл хашааныхаа өнцөгт дэлгүүр ажиллуулах нь элбэг. Талбай багатай, бараа цөөтэй эдгээр дэлгүүр тэр хэсгийнхээ хомсхон хэрэглээг хангаж чаддаг.

Эхний дэлгүүр оршуулгын газартай хаяа дэрлэн оршиж байв. Түүхий тоосгоор бариад их удаж байгаа болов уу гэмээр жижигхэн дэлгүүрийн эргэн тойрон, дотоод засал гээд байх зүйл гэж алга. Дэлгүүр гэж төмөр дээр бичсэн жижигхэн хаяг нь нэг талаасаа зэвэрчээ. Энэ дэлгүүрийн ихэнх үйлчлүүлэгчид нь ядууралд нэрвэгдсэн байдаг аж. Атар талхыг дөрөв хуваажээ. Элэгний нухшийг граммлахад бэлтгэн задлаад тавьчихаж. 20-30 грамм элэгний нухаш дөрөвний нэг талхтай нийлээд 500 төгрөг гэж байна. Эндэхийн хүмүүсийн нэг оройн хоол болдог дээрх  “багц хоол” үүнээс илүү хэмжээтэй байх аргагүй юм байх. Хамгийн анх зургаан сарын өмнө нэгэн тэнэмэл хүн гуйсаар байгаад талх хуваалгаж авчээ. Тун ч удалгүй энэ хавийн цөөнгүй дэлгүүр талхыг таллаж, дөрөв хувааж борлуулдгийг олж сонссоноос хойш байнга тэгдэг болсон гэнэ. Энэ тохиолдолд бүтнээр нь зарснаас илүү ашигтай байдаг юм байх. Нэгэн нас тогтсон эгч энэ дэлгүүрээс тал талх, элэгний нухаш, 200 грамм элсэн чихэр аваад гарч байхтай таарч ццөн хором ярилцлаа.

-Та хэдэн төгрөгөөр хүнс авчихав?

-Эгч нь 1500 төгрөгөөр оройны, маргааш өглөөний идэх юмаа авлаа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Хоёр зээ маань бага насных. Тэдний ээж нь байна. Надтай нийлээд дөрвүүлээ юм уу даа.

-Өнөөдөр авсан хүнсээ яаж хуваарилдаг вэ?

-Талхныхаа талыг элсэн чихэртэй өглөө иднэ. Үлдсэнийг нь оройдоо иднэ дээ. Элэгний нухаш дээр ус нэмж зутагнаад талхаа дүрж иднэ. Хүний хоёр зүсэм талх оногдоно. Харин өглөөний цайнд үлдсэн талхан дээрээ сахар тавьж иддэг.

-Тэр болгон махан хоол идэж чаддаггүй бололтой?

-Элэгний нухаш чинь л мах болж байгаа юм. Долоо хоногтоо ганц удаа толгой шийр чанаж идэж чадвал дээдийн заяа шүү дээ. Зарим үед хэцүүдвэл долоон буудлаас нохойн хоол авч идэх тохиолдол ч байна. Сайн угаагаад чанахад дажгүй шөл гардаг юм. Зарим нь ч хаяхаас аргагүй бохир байдаг.

Нэг өрхийн оройн хоолны төсөв мянган төгрөгөнд багтдаг бололтой. Гэхдээ хаана ч гэсэн боломжтой айл байдаг нь мэдээж. Тийм болохоор бүх айлыг мянган төгрөгний өртгөөр өдрийг өнгөрөөдөг гэж хэлээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр дахь дэлгүүр мөн л Дарь-Эхийн гэр хороолол дунд оршино. Түрүүчийнхийг бодвол арай том бөгөөд гаднахаа будсан тэр хавьдаа гайгүйд тооцогдох байшинтай. Архи худалдах зөвшөөрөлтэй юм байна. Харваас хагас буудлаар ч гэсэн хотын төв цэг рүү дөхсөн нь илт мэдэгдэнэ. Энд элэгний нухаш "задалж зардаггүй" ч талхыг хоёр хуваадаг хэвээрээ. Нэг айл оройдоо тал талх авна. Мөн хамгийн хямд хиамыг граммаар нь авдаг. Килограмм нь 2200 төгрөг гэх дуулдаагүй хямдхан үнэтэй хиамны гарал үүсэл нь тодорхойгүй. Ямар амьтны, тэр бүү хэл амьтны махаар хийсэн нь үнэн л байдаг байгаа даа гэж хардмаар. Нэг өрхийн оройн хоолны төсөв мянган төгрөгөнд багтдаг бололтой. Гэхдээ хаана ч гэсэн боломжтой айл байдаг нь мэдээж. Тийм болохоор бүх айлыг мянган төгрөгний өртгөөр өдрийг өнгөрөөдөг гэж хэлээгүйг дурдах нь зүйтэй.

Гурав дахь дэлгүүр төв замын дэргэдэх хүнсний дэлгүүр байлаа. Энд бол талхыг таллаж зардаггүй юм байна. Харин элсэн чихэр, будааг граммлаж худалддаг. Автобусны буудлын хажууханд байдаг болохоор хүн ихтэй юм. Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын амьдрал нэг иймэрхүү. Хоногийн хоолоо яаж олдог юм гэж гайхахын зэрэгцээ согтуу хүнтэй цөөнгүй таарч байсан. Тал талхны мөнгө олдохгүй өдөр хоногууд өнгөрсөөр. Алагласан энэ амьдрал дунд архины мөнгөө яаж ийгээд олдог нэг нь ч байх юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Баянзүрх дүүргийн Шархадны эцсийн Хар хошууны ойролцоох дэлгүүрээр орлоо. Энд саяхан 18-19 насны хоёр охины толгойг тасдан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Уулзсан хүн бүхэн энэ хэргийн талаар ярьж, зарим нь юу болсон талаар сонирхох аж. Харин миний зорилго өөр. Тиймээс Хар хошуун дахь нэгэн жижиг дэлгүүрийн хаалгыг татаж, худалдагч иргэн Н-тэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та энэ дэлгүүрээ хэдэн жил ажилуулж байна вэ?

-Тав дахь жилдээ ажиллуулж байна.

-Захын хорооллын зарим дэлгүүр талх таллаж зардаг гэсэн. Энэ хавийнхан таллаж авч байна уу?

-Манайх талх таллаж зарж байгаагүй. Гэхдээ хүмүүсийн худалдан авах чадвар маш муу болсон. Өдөрт хоёр талх авдаг байсан айл нэг талх авч байх жишээтэй. Нэг талх авдаг байсан айл талхаа ч авч чадахгүй болсон.

-Танай дэлгүүр таван жил ажилласан гэсэн. Хэзээнээс хүмүүсийн худалдан авах чадвар муудсан бэ?

-Энэ жилээс илт муудсан. Өнгөрсөн жилүүдэд бол харьцангүй гайгүй байсан. Манайх 2012, 2013 онд 20 талх аваад өдөртөө дуусдаг байсан. Харин энэ жил 20 талх аваад бараг гурав хонож байхад дуусдаггүй. Энэ нь өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа хэрнээ цалин огт нэмэгдэхгүй байгаатай холбоотой байх. Өнөөдөр би ундаа авах гээд очиход ундааны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн байсан.

-Танайд яг одоо мах хэдэн төгрөгөөр зарагдаж байна вэ?

-Манайд мах байхгүй ээ. Мах авч ирээд ямар ч нэмэргүй хэтэрхий үнэтэй болохоор хүмүүс авдаггүй юм. Харин жижиглэн, толгойн болон махан таташ л байгаа.

-Тэр нь ямар үнэтэй вэ?

-Жижиглэн 800, толгойн таташ 1200, махан таташ 2000 төгрөг.

-Энэ жижиглэн дотор юу юу байдаг юм бэ. Хүмүүс үүгээр хоол хийж иддэг юм уу?

-Тийм ээ. Манайд ирэнгүүт нь айлууд бөөндөөд авчихдаг юм. Ер нь манай энэ хавийн айлууд ихэнх нь энүүгээр хооллодог. Цөөн ам бүлтэй айл нэг жижиглэнгээр хоёр өдөр хоол хийж иддэг гэсэн. Арай нэг гайгүй боломжтой айлууд нь таташ авдаг. Жижиглэн дотор элэг, уушиг, бөөр зэргээс бага багаар хийгээд боочихсон байдаг.

Жижиглэн 800, толгойн таташ 1200, махан таташ 2000 төгрөг. Ирэнгүүт нь айлууд бөөндөөд авчихдаг юм, энэ хавийн ихэнх айл үүгээр хооллодог.

-Энэ хавийн айлууд өдөр болгон жижиглэн, таташаар хооллодог гэсэн үг үү?

-Бараг л тийм дээ. Цалингаа буусан эхний нэг хоёр хоногтоо л мах хэрэглэдэг байх. Бусад үед нь байнга жижиглэнгээр л хооллодог. Энэ хавийн айлууд өдөр бүр хоёр ширхэг төмс, нэг лууван, 100 гр тос, нэг жижиглэн, 100 гр  гурил авдаг.

-Дээрх бүгд нийлээд хэдэн төгрөг болох вэ?

-Ойролцоогоор 2000 төгрөг л болдог.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Хан-Уул дүүргийн VII хороо буюу Яармагийн НҮХТ-ийн 4-10 дугаар гудамж болон IX хорооны Буянт-Ухаа 16-19 дүгээр гудамжны хэд хэдэн дэлгүүр орж, иргэдтэй уулзсан юм.

Яармагийн хэд хэдэн дэлгүүр ороход махнуудаа 150-300 орчим грамм болгон жижиглэсэн байлаа. Дэлгүүрийн худалдагчид ер нь бол иргэдийн худалдан авалт сайн. Харин сүүлийн үед юмны үнэ өссөн тул байгаа мөнгөндөө тааруулж, хэрэгцээтэй зүйлсээ авдаг гэсэн юм.

 

НҮХТ-29 2-2 иргэн н.Баярмагнай “Цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Тэтгэвэрийнхээ мөнгөөр 5-6 кг мах авдаг. Гэхдээ олон хүүхэдтэй болохоор сарын дунд үед дуусдаг. Өнөөдөр гэхэд байгаа жаахан махаараа цуйван хийх гээд хоёр хэрчсэн гурил аваад явж байна” гэсэн юм. Яармагийн гудамж бүр дээр л хэд хэдэн архи уучихсан хүмүүс байлаа. Биднийг явах үед нэгэн хаалганаас согтуу нөхөр нь эхнэрээсээ тамхины мөнгө гуйсаар гарч ирэв. Эхнэр нь “Байгаа таван мянган төгрөгөөрөө наад ходоодыг чинь дүүргэх юм авлаа” гэсээр нөхрөөсөө арай хийж зугтан дэлгүүр орж харагдав.

Бидний дараагийн очсон газар бол Нисэх буюу Буянт-Ухаа 16-19 гудамжний хэд хэдэн дэлгүүр байв. Нэгэн дэлгүүрийн эзэн болох н.Гэрэлтуяа “Иргэдийн амьдрал тэнгэр газар шиг л байдаг шүү дээ. Амьдрал тааруу иргэд 200 төгрөгт сахар өгөөч хэмээн орж ирдэг. Манай дэлгүүр ангилсан нэг кг махыг 8300 төгрөгөөр борлуулдаг. Гэхдээ үүнийгээ граммлаад хамгийн дээд тал нь 2000 төгрөгөөр зардаг. Аль болох юмны үнийг өсгөхгүй боддог. Үйлдвэрээс гарсан талхыг 50 төгрөг нэмж зардаг. Гурилан бүтээгдэхүүн дээр  дээд тал нь 200 төгрөг нэмдэг” гэсэн юм. Иргэдийн хувьд цахим үнэмлэхээ барьцаалаад зээл авдаг ч бараг хоёр сарын дараа өгөх тохиолдол байдаг гэнэ. Дэлгүүрүүдээр ороод нэг зүйл ажиглагдсан нь хүүхдэд зарж байгаа бүтээгдэхүүнүүд нь дандаа хятадын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хориглосон бүтээгдэхүүнийг борлуулж байсан юм.

 

Нийслэлийн замын дүүргийн иргэдийн амьдрал ийм байна. Ажилгүй, арчаагүй, архи уудаг нэгэн байхад чадлаараа ажиллаад ч мөнгө нь хаанаа ч хүрдэггүй хүмүүс олон байна. Эцэст нь дүгнэхэд тал дүүрэн малтай монголчууд нохойн хоолоор өдрийг өнгөрөөж, бидний ирээдүй болсон бяцхан үрс өлсөхийн эрхэнд хүн үхээсэй хэмээн хүсч сууна. Элгээрээ хэвтэх шахам байгаа эдийн засаг, гурван сая гаруйхан иргэдийнхээ амьдралыг өөд нь татах тийм хэцүү биш гэдгийг хүн бүхэн хэлдэг ч ажил хэрэг болгох сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс дутаад байх шиг.

MASS.MN”сайт

 Улстөр, эдийн засгийн алба

 Нийгэм, гадаад мэдээний алба

 Соёл урлаг, спортын алба