m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.04 04:24
226
Д.Бодьсүрэн: Би “Free zone”-ныхныг өөрийн хүүхдүүд шигээ хайрладаг

 

Free zone” хамтлагийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тус хамтлагийнхан нэг хэсэг хувь хувийн амьдралаа хөөн, ажлаа амжуулж байсан бол саяхан нэгдэн тоглолтоо хийсэн нь тэднийг үгүйлэн байсан хүмүүсийн таашаалд нийцсэн. Тус хамтлагийн дуучин Пүрэвсүхийн Бэлгүүдэйгийн ээж СТА, Хөгжим бүжгийн коллежийн хуучрын багш Д.Бодьсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан зусч байна уу?

-Сайхаан. Та бүхний ажил сайн уу?

-Сайн байн аа. Эхлээд манай уншигчдад гэр бүлийнхнийгээ танилцуулах уу?

-Манай Б.Пүрэвсүхийнх гэдэг айл. Хоёр хүү гурван охинтой.

-Таны хүү П.Бэлгүүдэйг фэнүүд нь Бэк гэдэг. Тэр нэрээр нь нэрлээд хоёулаа ярилцчихъя. Хүүгийн чинь нэрийг хэн өгч байсан бэ. Нэр бүхэн учиртай байдаг шүү дээ?

-Миний хүүгийн нэрийг аав нь өгсөн. Ахыг нь Бэрхээдэй гэдэг. Түүхэн баатруудын нэрийг аав нь хоёр хүүдээ өгсөн юм.

-Тэрсхэн хоёр хүү амаргүй л байсан байх даа?

-Бидний үед хоёр хүүхдэд түүртдэггүй байлаа. Таван хүүхэд төрүүлж өсгөөд, ажлаа хийгээд  болдог л байлаа. Бидний үеийн ээж нар ядарч, зовохыг мэддэггүй хүмүүс байсан юм уу даа.

Би жирэмсэн байлаа. Нөхөртэйгөө өглөөний сонин уншлагад явж байгаад сүх олсон. Нөхөр маань их баярлаж, хүү төрөх нь гэж хэлсэн. Үнэхээр ч хүү төрсөн шүү.

-Бэкийг та ярихдаа шилэн тоглоом шиг хүү байсан гэсэн ?

-Тиймээ, их мяраатай хэрнээ чанга биетэй хүүхэд байж билээ. Манайх хорооллын унаган айл л даа. Хүүгээ бага байхад нь өлгийдөөд тагтан дээр унтуулчихсан. Би гэртээ ажлаа хийгээд мартчихаж. Нэг мэдэх нь ээ яраглаад байх шиг. Гүйгээд очтол хүү маань өлгийтэй чигээрээ доошоо хараад уначихсан байсан. Бас тэгээд болоогүй ээ хөл, толгойгоо өргөөд байгаа юм шүү. Нүүрний хэсэг нь аавынхаа зурагны жаазны хэсэгт таарсан болохоор өвдөөд байсан байх л даа.

СУИС-ийн Дүрслэх урлагийн их сургуулийн 320 тоот танхимийг ДУС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн эрхлэгч МУЭ-ийн нэрэмжит шагналт Г.Лхагвасүрэн санаачилгаар  Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Батцэндийн Пүрэвсүх агсаны нэрэмжит болгон тохижуулжээ

 

-Та урлагийн хүн. Хүүгээ энэ замд та хөтөлсөн үү?

-Тиймээ. Миний хүү манай сургуулийн лимбэний ангийг төгссөн. Би ч бас ээжээрээ  хөтлүүлэн урлагийн замд орсон хүн. Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөхдөө “Маамуу нааш ир”-ийг дуулж, биелгээ хийгээд тэнцэж билээ.Миний ээж М.Бадамхорлоо циркэд жонглёрчин байлаа. Аав маань ч урлагийн хүн. Манай нэрт дуучин Зангад, Загдсүрэн нарын багш байсан хүн. Ховдын Хөгжимт драмын театрыг үүсгэн байгуулалцсан Ц.Дарьсүрэн гэхээр урлагийнхан мэднэ.

-Та урлагийн алдартнуудтай хөл нийлж яваа хүн болохоор хүүгийнхээ хамтлагт дүн тавьдаг байх. Анх тайзан дээрээс хүүгээ хараад юу гэж бодогдож байв?

-Хүн дуртай, сонирхолтой зүйлээ хийх ёстой. Хүүгийнхээ анхны бие даасан тоглолтыг үзээд бахархаж байсан. Санаа бодол нийлсэн хөвгүүд дуулж л яваг. Урлаг гэдэг угаасаа цаг хугацаатай байдаг. Цаашдаа юу хийхээ өөрсдөө сонгох эрхтэй шүү дээ. Би ер нь хүүхдүүдээ ингэ, тэг гэж заагаад байдаггүй. Харин чигийг нь гаргаад өгчихвөл өөрсдөө тэр жимээр явдаг амьдралын хууль бий.

-Гадаадад тоглолтоор олон удаа явсан “Free zone”-ныхон. Эх орон, элгэн саднаа санасан хүмүүс  тоглолтын талаар их сайхан зүйл бичсэн байна лээ?

-Тэгэлгүй яахав. Монгол хүний цусанд байдаг зан чанар бол хэзээд эх орноо, элгэн саднаа сэтгэлдээ тээж явдаг шүү дээ. Хүний нутагт байгаа монголчууд эх орноо, ээж аавыгаа санаж байхад нь сэтгэлээсээ дуулсан монгол дуу сайхан байлгүй яахав. Би ч гэсэн хүүгийнхээ анхын дуу “Нутгийн чулуу”,”Эх орон таньдаа” гэдэг дуунд дуртай. Аялгуу сайтай сайхан дуунууд. Би эдний хамтлагийн үнэнч фэндээ. Хүүхдүүд маань ах дүү шиг болж, жаргал зовлонгоо хуваалцдаг. Би тэднийг өөрийн хүүхэд шигээ л хайрладаг даа.

-Хувь хүнийх нь хувьд хүүгээ үнэлж, цэгнэдэг байх?

 

Д.Бодьсүрэн хүүхдүүдийн хамт

-Би хүүгээ сайн хүн гэж хэлнэ. Үргэлж инээж, бусдад жаргал бэлэглэдэг хүү байгаа юм. Миний хүү аливаа зүйлийг хийхдээ олон хоног шаналж, бэлдээд байдаггүй. Анзаараад байхад хийх зүйлээ толгойдоо бодоод яг таг болгочихдог юм билээ. Аав нь тийм хүн байсан юм. Наймдугаар ангид байхдаа шалгалт өгөх боллоо. Бэлддэггүй. Би “Энэ ч гурав авах нь” гэж бодож байтал бүр онцсайн авсан шүү. Би хүүгийнхээ чадвар чадалд итгэдэг.

-Гэр орны ажилд тэр бүр оролцоод  байдаггүй байх аа. Зав багатай байдаг уу?

-Одоо ч өрх тусгаарлаад өөр болсон байх. Ер нь их завгүй л байдаг. Залуу хүн завгүй байх тусмаа сайн биз дээ. Хүү маань гэртээ байхдаа гахай, тахиа шарж өгнө. Хурдан ч хийнэ дээ. Би хүүгийнхээ хийсэн лавшаанд дуртай.

-Таныг хэзээ хойно магистр хамгаалсан гэж дуулсан юм байна. Сурахад нас хамаагүй гэдгийг хэрэгжүүлсэн юм билээ?

-Тиймээ би 2007 онд магистр хамгаалсан. Сурахад нас оройтдоггүй юм билээ. Би энэ сургуульдаа ажиллаад одоо 45 жилийн нүүр үзэж байна. Манай сургуулиар дамжаагүй урлагийнхан гэж бараг байхгүй. Том Жагаа, Насантогтох, Камертоныхон,Классик Жем гээд л олон доо олон. Ер нь л бүгд дамжсан. Урлагийн уурхай болсон сургуульд багшилж байгаагаараа бахархдаг.

-Танайх яг л үзэсгэлэн шиг байх юм. Ялангуяа түүхэн зургууд олон. Бэкийн аав, таны хань алдартай зураач байсныг би мэднэ. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураачаар ажилласан хүн шүү дээ?

Аав Б.Пүрэвсүх

-Тиймээ. Түүхэн талаасаа нэг номерийн зураач байсан хүн дээ. “Мандухай цэцэн хатан” киног хийгээд Төрийн шагнал авч байсан. Чингисийг хийж байгаад дуусгаж чадалгүй бурхан болсон доо хөөрхий. Киноных нь зураг, эскизүүд бүгд байгаа. Ленинград болон орон нутгийн урлагийн төд гээд олон газар бүтээлүүд нь бий. Нөхрийнхөө уран бүтээлийг баяжуулахыг бид бүхэн хичээдэг. “Талын баатрууд”, “Тэмцлийн замд”, “Босогчид” гээд олон алдартай бүтээлийг нь хүмүүс мэднэ. Манай нөхөр их зүйл уншдаг, цуглуулдаг хүн байсан. Оюутан ахуй цагаасаа л эхэлж цуглуулсан. Түүхэн маш ховор цуглуулгатай хүн дээ.

-Энэ олон альбом танай нөхрийн бүтээлүүд үү?

-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр оюунлаг хүний дэргэд байсан хүн номонд их дуртай болдог юм байна. Манай урлагийнхан тайлан тоглолт энэ тэр гээд тасрахгүй шүү дээ. Тэр болгонд нь ном бэлэглэж, өөрт нь зориулж шүлэг бичиж дурсгадаг юм. Сайхан номыг ямар ч үнэтэй байсан авна шүү. Энэ альбомыг эгч нь нөхрөөсөө хойш хийсэн юм. Цуглуулгыг  нь хадгалж үлдэхийн тулд хийсэн. Бас бусдад түүхийн мэдэхэд их хэрэгтэй баримт болно.

-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав танай нөхрийн ах байхаа?

-Тиймээ, манай нөхрийн ах. Эх нэгтэй эцэг өөртэй хүмүүс л дээ.

-Ийм алдартай хоёр киноны ерөнхий зураачаар ажиллана гэдэг ховор тавилан. Танай гэр бүлийнхэн энэ хоёр киноны зураг авалтад орж амжсан уу. Ядаж олны хэсэгт?

-Амжаагүй ээ. Том охин маань сургууль төгсөх гэж байсан болохоор би амждаггүй байсан. Харин хоёр хүү маань Баянмөнх жононгийнх руу Эсмэл тайж дайрах үеийн зураг авалтад орж, нэг хэсэгхэн гардаг.

 

-Таныг сэтгэлийн асар их хаттай, тэвчээртэй хүн гэх юм билээ?

-Хүний амьдралд жаргал зовлон тохиолдохыг алийг тэр гэх вэ. Би сайхан ээж, ханиа таван сарын зайтай алдсан. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Олон сайхан дүү нар маань, бага хүү Бэк маань есхөн настай өнчирч үлдсэн. Би айлын том учир ухаантай байж, сэтгэлээ барих ёстой байдаг юм билээ.

-Нийгэмд эмзэглэх зүйл олон л байна. Таны хувьд юунд анхаарах ёстой гэж боддог вэ?

-Хүүхдийн хүмүүжил хамгийн чухал. Бидний ирээдүй, хойч үе маань шүү дээ. Гадаадыг тахин шүтдэг хүмүүс олон байдаг. Би харин таашаадаггүй. Монгол хүн монгол хэлээ үзэж, монголоор сайн ярьдаг болсон хойно бусад зүйлийг сурахад ойр байдаг. Чадалтай орчуулагч яагаад сайн байдаг юм бэ гэвэл эх хэлээ л сайн мэддэг болохоор тэр шүү дээ. Манай залуус хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, монгол арга ухаанаар хүмүүжүүлээсэй гэж би боддог.

-Цаг зав гарган ярилцсанд баярлаа. Танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.