m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.12 03:31
39
Ш.Түвдэндоржийг сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Галын аюулгүй байдлын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хойш тавьж Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. Ардчилсан намын бүлгээс тус албанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилох тухай тогтоолын төслийг өргөн барьж улмаар байнгын хороогоор хэлэлцэгдэж олонхийн дэмжлэг авсан билээ. Тиймээс УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Х.Баттулга нь “давхар дээл” тайлахтай холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Гэтэл халаа авах хүнийг нь дахин "давхар дээлт"-нийг томилох гэж буйг гишүүд буруутгаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Хэдийгээр хуульдаа давхар дээлтэй байж болохыг заасан байдаг ч цаг үеийн байдлаас шалтгаалан энэ нь буруу гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дахин давхар дээлтийг оруулж ирлээ. Энэ асуудалдаа ёс зүйтэй хандах нь хэрэгтэй” гэв.

Харин Ё.Отгонбаяр гишүүн “Атар III” аян, Монгол мал хөтөлбөр зогссон. Энэ салбарын ажил ерөнхийдөө бүрэн зогссон байна. Гэтэл та бүхэн танхимын гишүүдээсээ өөр боловсон хүчингүй болчихсон нам шиг л юм яриад байх юм. давхар дээлтэй байх нь буруу гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачлагыг дэмжиж байсан хэрнээ 2016 он хүртэл буруугаараа явъя гээд байх юм. Энэ логикийг ойлгохгүй. Энэ ёс суртахуунгүй байдлыг ухамсарлаж Ш.Түвдэндорж гишүүнийг нэрээ татаж авах болов уу гэж харж байлаа. Гэтэл үгүй бололтой” гэлээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.